Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай

ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2024.06.13/ хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа нь өмнөх сонгуулиудаас онцлогтой. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг онцлоод УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.

Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлыг анхааруулж, ХЭҮК Зөвлөмж хүргүүлж байна.

 Уг зөвлөмжид

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх

Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах

Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх

Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах

Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэхийг онцгойлон тусгасан” гэлээ.

Үргэлжлүүлэн ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, Улсын Их хурлын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.

Мөн иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллахдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж ажиллах, аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй мэдээлэх, МСНЭ болон Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллах, цаашлаад сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн 70 гаруй байгууллагын сэтгүүлчдийг сургалтад хамруулсныг онцлоод Комиссын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Иргэний Нийгмийн Зөвлөл Комиссын дэргэд ажилладаг болохыг танилцууллаа.

Энэ удаагийн хэвлэлийн хуралд Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор нар оролцож, холбогдох мэдээлэл өгөв.

Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал Иргэний нийгмийн зөвлөл нь ХЭҮК-ын байр суурийг илэрхийлдэггүй, харин үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гээд сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрхэд халддаг асуудлаар мэдээлэл өглөө.

Иргэд, олон нийтийн дунд хэд хэдэн төрлийн ташаа мэдээлэл байна.

Тухайлбал, “Таныг хэнд саналаа өгснийг мэднэ” гэдэг зүйл. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ танд энэ төрлийн мэдээлэл өгч, таны сонгох эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол та хуулийн байгууллагад хандах эрхтэй. Дараагийн нэг асуудал нь нэг намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг бүгдийг нь сонгохгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг зүйл. Энэ бол ташаа мэдээлэл.

Түүнчлэн нийгмийн эв нэгдлийг баримталж, ажиллах нь чухал гэдгийг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид анхаарч шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Та бүхэн чөлөөтэй, хараат бусаар сонголт хийх эрхтэй. Энэ эрхээ эдлэхэд хэн ч саад учруулах эрхгүй гэв.

Үргэлжлүүлэн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр нь нийт сонгогчдын 7 орчим хувийг бүрдүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүртээмжтэй орчинг нэмэгдүүлэх нь туйлын чухал. Тухайлбал, харааны, тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй байхаас үл хамаарч санал өгөх байрны орчин нөхцөл стандарт, шаардлага хангасан байх ёстой. Нөгөөтээгүүр, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийн сурталчилгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь хүн хэдий чинээ үнэн, зөв, хүртээмжтэй мэдээлэл авна, төдий чинээ сонголтод нөлөөлдөг тул уулзалт, зөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох боломжтой эсэхийг шалгаж байхыг хүсэж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх боломжтой. Энд нэг зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.

Монгол Улсад зохион байгуулагдсан ээлжит болон ээлжит бус сонгуулиудад нийт 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшиж байсан. Үүнээс орон нутгийн сонгуульд тэргэнцэртэй нэг иргэн нэр дэвшиж сонгогдсон нь улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлт юм гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн …