Манай улсын иргэн Э гэгч бүсгүй хүний наймааны хохирогч болж Малайзуудын гар амиа алдсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Монгол улсын иргэн тэр дундаа эмэгтэй хүн хоёр дахь удаагаа Малайз улсад бусдын гарч амиа алдаж буй нь үнэхээр харамсалтай юм.
Тэгвэл талийгаач Э-ийн ар гэрийн хоёр хүн болон ГХЯ-аас томилогдох ажлын хэсгийнхэн тун удахгүй Малайз улсыг зорьж бүсгүйн цогцсыг эх оронд нь авчирах, хэргийн байдалтай танилцаж, шаардлагатай гэсэн тохиолдолд ХЗЯ-тай хамтран хэргийг тодруулах юм байна.Мөн талийгаачийн ар гэрийнхэн ХЭҮК-т хандаад байгаа бөгөөд тус байгууллагынхан Малайз дахь ХҮЭК-ийнхонтой тэднийг холбож өгч ажиллахаар болжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө Малайз улсыг зорьсон Монгол улсын иргэн Э гэгч эмэгтэйг “боомилж амиа хорлосон байдалтай олдсон” тухай өнгөрсөн 11-р сарын 23-ны өдөр Малайзын элчин сайдын яамнаас манай улсад мэдэгдсэн байна. Энэ талаар харамсалтай мэдээллийг гэрийнхэнд нь дуулгахад талийгаачийг бусдын гарт хорлогдсон байж болзошгүй тухай баримт материал мэдээллүүдийг ГХЯ-ханд танилцуулжээ. Харамсалтай нь талийгаачийн ар гэрийнхэн түүнийг дарамтанд байж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж байх үед ГХЯ-д нэг ч удаа мэдэгдээгүй бөгөөд зөвхөн хэсэг, дүүрэг, нийслэл болон эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдэж байсан аж. Хэрэв энэ талаар ГХЯ-нд мэдэгдсэн бол боломжтой бүх арга хэмжээг авах байсан ажээ.
Эрдэнэт хүний амь эрсдэхээс өмнө байнга мэдээлэл өгч байхад огт тоолгүй тэр ч бүү хэл байнга ирж ярьшиг төвөг удаж байна гэх цагдаагийн байгууллагынхан өөрсдөө шалгадаггүй юмаа гэхэд цааш нь холбогдох байгууллагад нь мэдэгдсэн бол өдийд Э бүсгүй амьд байж ч болох байсан. Мөн энэ мэт гадаад амьдарч буй иргэдийн эрх зөрчигдөхөд хаана хандахаа мэдэхгүй ард иргэд олон байгаа нь манай хууль хяналтын байгууллагынханы иргэддээ хүрсэн үйлчилгээ, мэдээлэл дутмаг байгааг харуулж байна.