Ц.Бямба-Отгонд Улсын арслан цол хүртээлээ

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу  тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан улсын цол, чимгийг өнөөдөр гардуулж өглөө.

“Улсын начин” цолыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн БАЯНМӨНХ,

“Улсын харцага” цолыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын ДАШ,

 “Улсын заан” цолыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын СҮХБАТ,

 “Улсын арслан” цолыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН,

“Үлэмж бадрах” чимгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын ХАНГАЙ нарт хүртээлээ.

Шадар сайд С.Амарсайхан бөхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл, төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг. Мөн та бидний оршихуйн дархлаа.

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Эрийн 3 наадам”, тэр дундаа “үндэсний бөх” хэмээх нүүдэлчин монголчуудын эртнээс улбаат ёс заншил, эцэг өвгөдийн гэрээс болсон соёл-уламжлалыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа бөхчүүдээ Монголын ард түмэн хэзээд хүндэтгэн дээдэлж ирсэн. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монгол бөхийн дэг жаяг, ёс жудаг, мөн чанар, бяр, ухаан, сүр хүч суларч, ёс суртахууны доройтолд орсон.

Монгол бөхийн дэвжээ булхайны, будлианы, талцал хуваагдлын талбар болж байгааг хэн хүнгүй харж, харамсдаг боллоо.

МОНГОЛ БӨХ ГЭДЭГ ЗӨВХӨН ҮНДЭСНИЙ СПОРТ БИШ, энэ бол нүүдэлчдийн зан заншил, аж байдал, уламжлалт ахуй сэтгэлгээний онцлогийг шингээсэн, ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАРЫН НҮНЖИГ, ШҮНШИГ ОРШСОН ЦОГЦ ОЙЛГОЛТ юм. ” хэмээн онцлов.

Мөн удахгүй болох Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамдаа жудаг ёсыг сахин, үнэн хүчийг үзэн, харгүй сайхан барилдаж, наадамчин олноо баясгаж, үндэсний бөхийн гайхамшигт өв соёл, нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөв.

 

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд 300 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …