Шинэ жил хаяанд ирлээ. Байгууллага бүр шинэ жилдээ бэлдэн оны шилдэг ажилтнуудаа шалгаруулахдаа бэлтгэх, бүсгүйчүүд гоёлын даашинзаа эрж хайж байхэнэ зуур бас нэг хэсэг хүмүүс “шилдэгүүд”-ийн эрэлд гарчээ. Энд тэнд элдэв шилдэгийг шалгаруулах санал асуулга нэртэй “хуурай жүжгүүд” нэгэнт эхлэжээ. “Оны шилдэг улс төрч”, “Оны шилдэг эдийн засагч”, “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг…” гээд энэ цуваа уртаас урт үргэлжилнэ. Мөн битүүхэндээ шилдэгт багтчих гэсэн бодолтнуудыг жагсаавал үүнээс урт цуваа болох нь тодорхой. Энд тэндэхийн “Нутгийн зөвлөл”, “ТББ”, элдэв “Сан”-ийн шинэ жилийн арга хэмжээ ар араасаа цуварна. Магадгүй та захирал даргын элдэв “сэтэртэй” бол энэ мэтийн урилгад дарагдана. Мэдээжийн хэрэг урилга авах нь сайхан ч тэр бүрт очино гэдэг нь хэцүү, очихгүй байх бүр ч хэцүү ацан шалаанд та орно. Элдэв арга хэмжээний урилгыг дагалдан ТАХ-ийн үнэ давхар ирнэ. Гайгүй шиг үнэтэй шинэ жилийн урилгын ТАХ 100 мянган төгрөгөөс эхлэх бол арай дээгүүр зиндааных нь 300-500 мянгын хооронд хэлбэлзэнэ. Тэр бүү хэл, сайд дарга нартай зэрэгцэн суух суудалтай урилгын ТАХ нь бүр илүү үнэтэй байсан тохиолдлууд бий. Ийнхүү шинэ жилийн арга хэмжээ нэртэй олны дундах оройн зоогонд 2-3 цаг болоод харихдаа та 100-500 мянган төгрөг төлөх хэрэгтэй болж байна.
Дараагийн асуудал нь Шилдэгт багтах санал. Байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд осолгүй л өөрсдийнхөө шилдэгийг үнэн зөвөөр шалгаруулдаг гэдэгт итгэнэм. Бусад нь бол бүгд хуурамч. Элдэв сонин, содон нэртэй судалгаа, маркетинг, PR-ийн гэх байгууллагууд гэнэтхэн оны өмнө борооны дараах мөөг шиг олширно. Тэдний гол зорилго бол олон нийтийн судлагаанд үндэслэн шилдэгүүдийг шалгаруулах явдал юм гэнэ. Гэвч үнэндээ эдгээр байгууллагын олонхид нь ганц ч мэргэжлийн социологич, судлаач байхгүй. Харин үүгээр дамжуулан мөнгө олно гэж итгэсэн хүмүүс олон байгаа. Тэд Оны шилдэгт хэн нэгнийг багтаахын тулд 500-аас дээш мянган төгрөгийг шилдэгт багтахыг хүсэгчээс авна. Оны шилдэг байгууллагад багтая гэвэл энэ ханш даруй 3-10 дахин өснө. Үүнийг нэгэн төрлийн бизнес гэж ойлгож болох мэт.Гол нь шагналд дуртай хүмүүс байсаар, тэд өөрсдөө мөнгөө төлж шагналаа худалдан авсаар байгаа цагт энэ бизнес улам л өндөрөө авна буй заа.
Энэ олон шилдэгүүдийн дунд заримдаа Шилдэгийн нэр нь чутгаа алдана. Шилдэг шалгаруулах, “Алтан арслан”, “Алтан шанага” ч гэх шиг. Тухайлбал, Төв аймгийн Нутгийн зөвлөлийнхөн жил бүр аймгийн хэмжээний алдартнуудаа шалгаруулж “Алтан шанага”-аар шагнадаг гэнэ. Уг нь төв аймгийн иргэдийг бусад аймгийхан “Шанага нь тав, шавхруу нь гурав” гэж дамшиглаж шоглодог юм билээ. Учир нь нийслэл хоттой ойр байдаг гэдгээрээ зах зээлд эрт орсон Төв аймагийнхан аливааг хүнд зүгээр өгнө гэж байдаггүй бөгөөд шанага цайг 5 төгрөгөөр, шавхрууг нь 3 төгрөгөөр зарж мэдэх хүмүүс гэж бусдад ойлгогдсон байдаг. Гэтэл Төв аймгийн Нутгийн зөвлөлийнхэн шилдэгтээ олгодог шагналаа “Алтан шанага” гэж бахархалтайгаар нэрлэсэн нь өөрсдийнхөө эл байдлыг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа мэтээр ойлгогдож олны доог болж байх жишээтэй.
Аав ээжийнхээ ачийг хариулах хүсэлтэй олон хүмүүсийн эрэлтийг хангасан нэгэн шинэ төрлийн бизнес хүчээ аваад нэлээд удаж байна. Энэ бол аав ээжийн тань алдар цууг нь дуурсгаж, алтан номонд нэрийг нь мөнхлөх ариун үйлстнүүдийн хийдэг ажил. Үүнийг бас л мөнгө дагалдана. Аав ээжийнхээ зургийг 100-500 мянган төгрөгтэй өгөх юм бол ямар нэгэн шалгуургүйгээр шууд л тэдний бүтээх номонд багтана. “Ачит аав”, “Энэрэлт ээж” гэх мэтийн элдэв цол чимэг, тэмдэг медаль, одон тууз дагалдуулан олгоно. Адаг сүүлд нь өөрийн нэр, зураг хөрөг орсон номоо мөн худалдаж авна. Энэ үйл хэрэгт УИХ-ын эрхэм гишүүд ч хутгалдана. Одоогийн УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэй олон хүний мөнгийг ийм аргаар луйвардаж аваад, номоо ч гаргаагүй, мөнгийг ч буцааж олгоогүй байгаа зарга нь одоо ч дуусаагүй байдаг гэнэ билээ.
Хүүхдийг сурагч, оюутан байхаас нь эхлээд шагнал нэртэй 1000 төгрөгний үнэтэй өнгө өнгийн төмрөөр тархи толгойг нь угаана. Сургууль, багш нар, эцэг эхчүүд хүүхэдээ зөв хүмүүжил олгон, бодитой урамшуулахын оронд өнгө өнгийн төмрийн уралдааныг анги, сургууль, хороо, дүүрэг даяар явуулж, хүүхдүүд ч дааж ядталаа шар, цагаан, бор төмрүүд цуглуулна. Үүнийгээ медаль гээд хөөрхөн нэрлэчихнэ. Эцэст нь мөнөөх медаль нэртэй төмрүүдээ туузанд хэлхэж хүүхдэддээ, төмрийн харшилтай болгохоос наахнуур зүүж өгнө. Энэ үеэс л бүх насаараа шагналд дурлагчдын бүхэл бүтэн арми бэлтгэгдэнэ.
Оюутан болонгуут МОХ гэх байгууллага нь “Шилдэг оюутан” медаль олгодог бол, залуучуудын байгууллага тэрнээс олон нэр төрөлтэй медалиудтай. Тэрнийг нь хүнээр зуучлуулаад ч болов олоод авчих гэсэн хүсэлтэй залуус олон байгаа нь инээдтэй.
Цаашлаад яамны жуух, салбарын тэргүүн, бүр сумын аварга малчнаас эхлээд төрийн одон болох “Алтан гадас”, Гавьяат цол хүртэл тэдгээрийг авахыг хүсэгч, зуучлагчийн харилцаан дээр тулгуурлана. Ямар ч үнээр хамаагүй одон медаль, цол гувшин зүүхийг хүсэгчид их байгаа нь түүнийг зуучлагчдыг ажилтай, орлоготой болгож байна.
Улс орны салбар бүрийн хөгжил төдийлөн сайнгүй байгаа харин салбар бүрт шилдэгүүд маш олон. Уг нь эрүүл ухаанаар бодоход энэ олон шилдэгүүд нь ядаж салбараа хөгжүүлчихмээр юм даа гэж бодогдоно.
А.Галт