“Парис-2024”: Жүдо бөхийн төрөлд монголын тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино

Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн  жин тус бүрийн сугалаа явагдлаа. “Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм.

Эдгээр тамирчдаас уншигч танд сонирхуулахад

– Африкийн 31 улсын 43 бөх

– Азийн 25 улсын 95

– Европын 36 улсын 180

– Далайн 7 улсын 10 жүдоч

– Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм.

Монголын баг тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино.

Эмэгтэйчүүдийн 48 кгд Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялвал шөвгийн 8- д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.

Эмэгтэйчүүдийн 57 кгд, дэлхийн хошой хүрэл медальт, Л.Энхрийлэн өрсөлдөнө.Түүний жинд 23 бөх байна. Манай тамирчин эхлээд Косово улсын Нора Гяховатай. Ялвал Недерланд, Германы бөхчүүдийн ялсантай.

Эмэгтэйчүүдийн -78 кгд үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн хүч сорих юм. Манай бөх Экводарын Чала Ванессатай.

Эмэгтэйчүүдийн +78 кгд 25 бөх дэвжээнд гарна. Энэ жинд манай улсаас Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн өрсөлдөнө. Манай бөх эхлээд Казахстаны Камила Берликаштай. Ялвал дэлхийн аваргын мөнгөтэй Туркийн Кайра Оздемир түүнийг хүлээж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кгд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э. Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D хэсэгт эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялвал Францтай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорино.

Эрэгтэйчүүдийн 66 кгд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна.

Эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б. Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай.

Эрэгтэйчүүдийн -100 кгд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б. Гончигсүрэн  улсаа төлөөлнө. Манай тамирчин эхний даваанд Дэлхийн аваргын хүрэл медальт, Израйлын Петр Палтчектэй.  Энэ жинд 25 бөх бий. Манай тамирчин ялвал Тажикстан, Францын бөхчүүдийн ялсантай.

Эрэгтэйчүүдийн +100 кгд ОУХМ О. Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд C хэсэгт сугалаа татаж Германы Эрик Амбрамовтой. Түүний жинд 23 бөх байна.

 

Санал болгох мэдээ

Парис-2024: Монголын багийн тэмцээн өнөөдөр байт харваагаар эхэлнэ

“Парис-2024” зуны олимпын наадмын байт харвааны төрөлд Ю.Ганзориг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, …