Ж.Сүхбаатар: Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв.

Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл  хойшлуулав.

Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “2023 оны наймдугаар сарын 14-нд эхний 20 автобус хүлээж авсан. Энэ автобуснууд төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагуудад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед хүлээж авч байсан хүмүүс мэдээд, надад танилцуулахад нь би “Хүлээгээд авчих” гэсэн зүйлд буруутгагдаж байгаа. Анх наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээж авахад би оролцож нөлөөлсөн юм шиг агуулгатай буруутгагдсан.

Хэрэв үнэхээр тийм байсан бол юу гэж есдүгээр сарын сүүлд олон нийтэд автобуснуудыг танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй үндэслэлээр буруутгагдаад, олон сар явж байгаа. Миний хувьд айж ичих зүйлгүй. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүн учраас ёс зүйн хувьд хариуцлагаа үүрээд явсан.

Манайхан нэг буруутан хайдаг, хамгийн том дарга нь хэн бэ гээд. Би болж таарсан. Ер нь Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй.

Буруутгаж байгаа хүмүүс нь үүнийгээ нотолно. Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг тодорхой. Хэлэх үг, харуулах баримт нь байна.

Сая шүүх хурал хойшлогдлоо. Миний хувьд эрт энэ хэргийг шийдүүлээд, гэм буруутай, буруугүй гэдгээ тогтоолгоод явах саналтай байгаа. Гэвч 20 гаруй хүн холбогдсон учраас маш олон өмгөөлөгч нар оролцож байна. Надад шүүх хурал хойшлуулах сонирхол байхгүй.

Би автобус хүлээж авах процессод оролцоод, үүрэг даалгавар өгсөн мэтээр буруутгагдаад байгаа. Энэ нь нэг хүний мэдүүлгээр л явж байгаа бөгөөд хөдөлшгүй баримт нэгээхэн ч байхгүй.

Шүүх хурал нээлттэй явах учраас хэргийн процессын талаар өөрийн байр сууриа хэлнэ, хавтаст хэргийн материалуудыг үзүүлнэ. Ингэхээр бодит үнэн гарч ирнэ.

Өнгөрсөн хугацаанд намайг “Цовдлуулсан Прометей” гэдэг шиг л “цовдлоод” байна. “Цовдлоод” байгаа хүмүүсээс эргээд асуумаар байна.

 Ж.Сүхбаатар яг ямар гэм буруутай гэж буруутгаад байгаа юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих хэрэгтэй” гэв.


Санал болгох мэдээ

МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат …