Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Хүн амын хөгжлийн газрын дарга М.Цогтбаатар бусад холбогдох мэргэжилтний хамтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
Байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны талаар болон гэр бүлд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир танилцууллаа.
Мөн харьяа газруудын тухайлбал Өнөр бүл төв, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын удирдлагуудын мэдээлэл, санал хүсэлтийг сонсов.
Манай улс сүүлийн жилүүдэд бодлого боловсруулахдаа хүүхэд, эмэгтэйчүүд эсвэл залуучууд гэх байдлаар тухайн гэр бүлд хэний эрх илүү зөрчигдөж байна вэ гэдэг талаас анхаарч ирсэн.
Энэ нь зарим талаараа дутагдалтай байгааг өнөөгийн нөхцөл байдлаас харж болно.
Бүтэн гэр бүлд хүүхэд илүү аз жаргалтай, эрх чөлөөтэй өсөн торниж, эерэг хүмүүжилтэй болно.
Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын зүгээс гэр бүлийн нэгдмэл байдлыг илүү анхаарч ажиллахыг чухалчилна гээд тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал, Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах, тус сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын санал боловсруулах, хүүхдийн зуслангийн бодлогыг шинэчлэх ажлын хэсгийг Боловсролын ерөнхий газартай хамтран байгуулах, салбарт мөрдөгдөж байгаа гол хуулиудад оруулах өөрчлөлтийн санал боловсруулах зэргийг үүрэг болгов.
Энэ он гарснаар 10.000 гаруй хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлж, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд 4.500 гаруй хүүхэд хамрагджээ.
Үүнээс 3.000 гаруй нь гэр бүлийн орчинд үйлчилгээ авсан бол 1.300 гаруй хүүхдийг гэр бүлээс нь түр тусгаарлаж, хамгаалах үйлчилгээг үзүүлсэн байна. Шуурхай тусламжийн үйлчилгээ авах хүүхдийн тоо жил бүр өсөж байна.
Өнгөрсөн оны байдлаар 15.900 гаруй хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа гэсэн судалгаа гарсан.
Тиймээс ойрын хугацаанд тулгамдаж буй асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэх эзэндээ хүрсэн, бодитой үр дүнтэй ажил зохион байгуулах, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын цогц төв байгуулах талаар санал боловсруулах, ингэхдээ тухайн асуудлыг мэддэг мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг оролцуулах зэргийг чухалчиллаа.