Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “GOLDEN FEMI FILM FESTIVAL” олон улсын кино наадамд Монголын кино найруулагч Цэвэлмаагийн Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо.
Уг фестивал гурав дахь удаагаа “Эв нэгдэл” сэдэв дор зохион байгуулагдаж, 130 орны кино урлагийн уран бүтээлчид 5,000 гаруй бүтээлээ ирүүлснээс эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын тэмцэл, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг хөндсөн бүтээлүүд уралдаж Болгар, Аргентина, Монгол, Кипр, Морокко улсын уран бүтээлчид шагнал хүртжээ.
Кино найруулагч Ц.Дэнсмаа шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр оролцоогүй тул фестивалийн зохион байгуулагчдын урилгаар, уран бүтээлчийн зөвшөөрөлтэйгээр шагналыг Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа төлөөлөн хүлээн авчээ. Энэ үеэр фестивальд шагнал хүртсэн уран бүтээлчдийн нэрэмжит “Ойн хүрээлэн”-г Болгар улсын Банкя хотод байгуулсан бөгөөд тус хүрээлэнд Монгол улсын Элчин сайдын яамны хамт олон Монголын нэрэмжит мод тарив.