Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2024.07.30/ хуралдаж цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл товч хийлээ.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас болсон үйл явдлын хүрээнд хуулийн зөрчил байгаа эсэх асуудлаар хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулсныг мэдэгдээд “Ар гэрийнх нь зүгээс гурван асуудлаар гомдол гаргасан.
Нэгдүгээрт; хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн,
Хоёрдугаарт; эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүй, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа ухаангүй байхад нь тусгай хэрэгсэл хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн,
Гуравдугаарт; цагдаагийн байгууллага эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар гомдол гаргасан байхад үүнийг шийдэлгүйгээр сэжиглэгдэн шалгагдаж байсан хэргийнхээ улмаас нас барсан гэдэг агуулгыг хохирогчдын төлөөлөл болон өмгөөлөгчид нь хөндсөн.
Бид энэ асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа цагдаагийн байгууллагын бүх түвшинд цаашид хохирогчийн талаар мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх гэсэн чиглэлийг өгсөн.
Энэ асуудлыг холбогдох дүрэм, журамд тусгуулах асуудлаар ажиллаж байна. Гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд сэжигтэн, ялагдагчийн талаар шаардлагатай тохиолдолд холбогдох мэдээллийг хэлэхээс өөр аргагүй. Харин хохирогчийн талаар хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулсан гэсэн тайлбарыг удаа дараа гаргаад байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж тодорхой зарим нэг зөрчил байна гэж үзсэн. Манай баривчлах, цагдах хорих байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн боловсон хүчин дутмаг, эдгээр байгууллагуудад дадлага туршлагатай эмч, мэргэжилтнүүд ажиллах сонирхолгүй, тогтвор суурьшилтай ажилладаггүйн зэрэгцээ, эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хангалтгүй байдаг зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд энэ асуудалд нөлөөлж байна. Цаашдаа эдгээр асуудалд анхаарах шаардлагатай байна” гэж байлаа.
Салбарын сайд үргэлжлүүлэн хохирогчийн асуудлаар хувийн мэдээллийг хөндөх шаардлагатай болсон тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
Хуралдааны төгсгөлд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, төрийн байгууллагуудаас өгч байгаа баримтууд алдаатай, хоорондоо зөрүүтэй байгаа тул асуудлыг ул суурьтай шалгах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, нийгмийн сэтгэлзүй эмзэг, хардлага өндөр асуудалд ажил хариуцсан байгууллагууд тодорхой хариултууд өгч байж, иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдгийг сануулсан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.9-д Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулахаар заасан байдаг. Энэ нь Монгол Улс онцгой анхаарал хандуулж буйг харуулж байгаа ч хүний эрхийг хангах хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөдрийг хүртэл хууль тогтоомжийн зөрчил, хийдэл давхардал их байгааг засаж сайжруулах, цаашлаад энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хууль сахиулах байгууллагуудад бүхэлд нь шинэчлэл дутагдаад байгааг онцлоод салбарын яам, ХЭҮК болон бусад холбогдох төрийн байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөхөөр болсныг мэдэгдлээ.