Х.Нямбаатар: Туулын хурдны замын тендерийг 8-р сард зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар танилцуулсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах гол, гол дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

Ингэхийн тулд төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд талд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох агуулга бүхий, хоорондоо уялдаатай таван төслийг танилцуулсан.

Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Энэ замаас дээшээгээ саран хэлбэрээр их авч тойрог хурдны замыг барина. Тойрог хурдны замыг барихтай холбоотой олон улсын зөвлөх үйлчилгээний тендер зарлах төсвийг энэ оны төсвийн тодотголд тусгах шийдвэрийг гаргалаа.

“Өөдөө тэмүүлэх Монгол” нэртэй гүүр Туулын хурдны замаас урагшаа үргэлжилж, Кувейтийн аманд төрийн захиргааны төв байгууллагуудын нэгдсэн байрыг барих замаар төвлөрлийг сааруулна.

Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна.

-Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ.

-Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын орон сууц барих тендерийг зарлахад бэлэн болсон” гэдгийг мэдэгдлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Алтангэрэл:Цагдаагийн байгууллагад хохирогчийн талаар мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг нь задруулахгүй байх чиглэлийг өгсөн

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2024.07.30/ хуралдаж цагдан хорих 461 дүгээр хаалттай …