“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэд ахлагч О.Хүслэн нар өнөөдөр /2024.08.05/ эх орондоо ирлээ.
Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Оростогоо, Хууль тогтоомж, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу болон “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Соёмбо” чуулга, алба хаагчдын төлөөлөл угтан авч, хүндэтгэл үзүүллээ.