Ривер гарден орчмын автозамыг дөрвөн эгнээ болгоно

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ авто зам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм.

Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн. Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын авто зам, явган хүний зам хийхийг санал болгосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

“NCD Group” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Хүрэлхүү: Дөрвөн эгнээ зам болгохыг дэмжиж байгаа. Өмнө нь дөрвөн эгнээ болгох гэж байсан ч хоёр талаасаа хавчигдаад бид өөрсдийн хөрөнгөөр хоёр эгнээ зам хийсэн. Уг автозамыг нийслэлд хүлээлгэн өгье гэсэн боловч тухайн үед төсөв мөнгө боломжгүй, хүлээж авахгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл манай СӨХ өөрсдийн хөрөнгөөр арчилгааг хийгээд явж байна. Барилга байгууламжуудаа үе шаттайгаар буулгаж зорчих хэсгийг чөлөөлнө гэдгээ илэрхийлье.

 

 

Санал болгох мэдээ

“Нархан” хотхоны орчимд явган хүний зам болон гэрэлтүүлэг хийж байна

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талд баригдаж буй барилгын стандарт бус хашааг өнгөрсөн …