Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах” тухай А/1083 тоот захирамж гаргалаа. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгууллагынхаа бүтэц орон тоонд тулгуурлан байгуулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийд даалгалаа.Тус төвөөс интернэт, сүлжээ, холбоо дохиолол, техникийн болон сервер системүүдийн засвар, вэб, хостингийн чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болголоо. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг цахим засаглалд шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан дээрх байгууллагуудад мэдээлэл технологийн цогц үйлчилгээг явуулах боломжийг “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв” бүрдүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.