Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран “НҮҮДЭЛЧИН” соёлын фестивалийг зохион байгууллаа.
Тус фестивалийн хүрээнд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болсон бөгөөд эхний өдөр болсон Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдааны 15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт н.Билгүүдэй, П.Эрдэнэтулга нар тус шалгарлаа. Харин 13-14 насны ангилалд Л.Алтаншагай түрүүлж, Д.Гандорж үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Д.Бүрэнзэвсэг, С.Шинэ-Идэр нар шалгарсан байна.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Лхагвадорж тэргүүтэй бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Дорнын хүчтэн дэвжээний бөх, улсын заан Д. Анар үзүүрлэв.
Шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б. Лхагвадорж шалгарлаа.