“Эрдэнэс МГЛ” ХХК болон Сингапурын “Темасек Холдинг”-ийн харилцаа гүнзгийрнэ

indexСингапурын төрийн өмчит “Темасек Холдинг” нь байгуулагдсанаасаа хойш 35 жилийн  хугацаанд компанийн сайн засаглал, хөрөнгө оруулалт, хуримтлалын менежментийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө 170 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээтэй болж чадсан дэлхийн шилдэг компани юм. “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Темасек Холдинг” компани нь өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах, харилцах туршлага солилцох чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн айлчлалын хүрээнд холбогдох уулзалтуудыг хийж байсан билээ. Энэ оны 12-р сарын 10-нд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Сайнбилэг болон тус компанийн удирдлагууд “Темасек Холдинг” компанийн Хөрөнгө оруулалтын газрын гүйцэтгэх захирал Тай Сулиан, Хөрөнгө оруулалтын газрын захирал Ранжит Дандакир нарын төлөөллийг Монгол улсад хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ТУЗ-ийн дарга Н.Сайнбилэг “Темасек Холдинг” компанийн зүгээс “Эрдэнэс МГЛ” ХХК-д өнгөрсөн жилийн хугацаанд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх замаар охин болон хараат компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үндэсний баялгийг үр ашигтай удирдаж арвижуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий компанийг бий болгох тал дээр байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархдагаа илэрхийлснээс гадна “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн зүгээс Монголын стратегийн ач холбогдол бүхий орд газрууд тэдгээрийн дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийг шийдвэрлэх чиглэлээр “Темасек  Холдинг”-той хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хоёр талаас хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог үргэлжлүүлэх судлах, улмаар хоёр талын харилцааг бүх түвшинд гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.

Эрдэнэс Таван толгой, Эрдэнэс Оюутолгой, Багануур, Шивээ-Овоогийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж буй толгой компанийн хувьд Сингапурын төдийгүй бүс нутгийн хамгийн том хөрөнгө оруулагч “Темасек Холдинг” компанитай хийж буй анхны томоохон ажил хэргийн уулзалт гэдгээрээ энэ арга хэмжээ ач холбогдолтой боллоо.

“Эрдэнэс МГЛ” ХХК нь компанийн сайн засаглалыг хөгжүүлж үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хэвшүүлэх, бизнесийн болон арилжааны зарчмаар үйл ажиллагаа явуулахад гол анхаарлаа хандуулан ажиллах, энэ тал дээр Сингапурын Темасекийн арга, туршлагыг өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох, уулзалтаар яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход компанийн удирдлагууд биечлэн анхаарал тавьж, ажиллах болно гэдгээ онцлон тэмдэглэв. Уулзалтын хvрээнд “Темасек Холдинг” компанийн зүгээс цаашид хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлж байсан юм.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …