Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар танилцуулсан байна.
Энэ талаар Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын реформын асуудлыг хэлэлцлээ. Иргэд маш их хүлээлттэй байгаа. Бид реформоо юунаас эхлэх вэ гэхээр эрчим хүчний сектороос эхэлье гэдэг дээр санал нэгдлээ. Эрчим хүчний салбарын дэд хороо байгуулахаар боллоо.
Дэд хороо нь эрчим хүчний шинэчлэл, томоохон мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифын өөрчлөлт хийх гэсэн агуулгаар байгуулагдлаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-ын намуудын төлөөллүүд, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд ажиллахаар шийдвэр гарч байна.
Тэгэхээр энэ дэд хороо нь үндсэндээ бодлогынхоо реформыг урт хугацаандаа төлөвлөж байна. Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүчний салбар байх юм байна. Яагаад гэвэл Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Үүгээр юуг хэлж байна вэ гэхээр Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд үүн рүү уялдуулж харж байна. Дунд хугацаандаа энэ салбарын реформыг зоригтой хийнэ. Төрийн өмчийн компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Энэ салбар төрөөс монопол, зах зээлд шилжиж чадаагүй байдаг. Тэгвэл үүнийг зах зээлжүүлнэ, үр ашгийг нь сайжруулна. Энэ салбарт ажиллаж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоно. Салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Мөн үнэ тарифын шилжилтийг хийнэ. Хамгийн эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр, алдагдалгүй байх үнэ тарифын шилжилт рүү орно. Дараа нь зах зээлийн зарчим руу нь оруулна.
Өнөөдөр ОХУ, БНХАУ-тай харьцуулахад эрчим хүчний тариф маш бага байгаа. Яагаад гэвэл байнгын татаастай явдаг. Маш бага тарифтай болохоор хөрөнгө оруулалт хийгддэггүй. Төсвийн хөрөнгө оруулалт орох боломжгүй байна. Үүнийг засаж залруулаад явбал ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдээд 2026 он гэхэд 100 хувь өөрсдийгөө хангаад явах боломжтой” гэлээ.