Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
“Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 02-нд баталсан юм. Уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ.
Тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Даргын дэргэдэх зөвлөлд санал гаргаж “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, эмийн бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүргийг дахин нягталж, хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгох талаар судалж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан эмийн чанартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Эмийн чанарыг биеэрээ мэдэрч байгаа хүн бол би. Монголоос эмээ аваад уухаар тунг нь хоёр дахин нэмж уух шаардлага гардаг. Тэгж байж үйлчилдэг. Гадаадаас авсан эмийн үйлчилгээ чанар огт өөр байгаагаас манай улсад зарагдаж байгаа эмийн чанар маш муу байгааг харж болно.
Уух шаардлагатай эмээ гадаадаас авчрахаар Монголын эмийн бүртгэлд байхгүй гээд хил дээр асуудал үүсдэг. Монголд өвчин намдаах хүнд төрлийн эм хэрэглэдэг олон хүн байгаа. Гэтэл тэр эмийг авах үйл явц нь маш удаан. Өвчний хэрэглээ өндөр байхад манай улсын стандартаар маш бага хэмжээгээр ологдохоор заасан байдаг гэхчлэн эм, эмийн хэрэглээ, чанартай холбоотой олон асуудлууд байна” гэсэн юм.