Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ.
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 км, Бага тойруугийн гудамж 2.6 км, Олимпын гудамж, Их Монгол улсын гудамж 4 км, Чингисийн өргөн чөлөө 4.6 км, Д.Сүхбаатарын талбай орчим 1.4 км тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.
Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, дулааны худгийн таг, цахилгааны шон зэргийг засварлаж шинэчилсэн. Мөн 24 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж хийх ажлын зураг төслийг боловсруулж ажиллаж байна” гэв.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид өнгөрсөн хугацаанд борооны ус зайлуулах хоолойг засварлаж, шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Цаашид хөрсний усыг соруулах, шавхах ажилд судалгаа хийж тодорхой үе шаттай арга хэмжээг зохион байгуулах шаардлага байна. Хөрсний усны асуудлаас болж зарим аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламжаа эхлүүлж чадахгүй асуудлууд байна. Үүнээс гадна зарим барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж, хоолойг эвдэж буй зөрчлийг ч гаргаж байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, УСУГ, УБЗАА, нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ, нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна” гэв.
Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү ахалж, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх Г.Батзориг ажиллахаар болсон юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, борооны улмаас эвдэрч гэмтсэн авто зам, гудамж, талбай, ногоон байгууламжийг сэргээн засварлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.