Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо.
Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав.
Товч мэдээ
· Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулах “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
· Улаанбаатар хотноо 2024 оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
· ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
· Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус баталлаа.
· Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томиллоо.