Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байлаа.
Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.
1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд талархал илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргалаа.
Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.
Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах байжээ.
Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.
Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.
Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа.