“Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” арга хэмжээ боллоо

Жил бүрийн наймдугаар сард УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ.

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 500-аад алхагчид 3 өдрийн туршид эх дэлхийгээ хайрлах, хүн хоорондын харилцаа, нөхөрлөлийг хөгжүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг түгээн сурталчлах зорилгоор нэгдэн алхацгаав.
Нийслэл Улаанбаатар хот орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Явган Алхалтын Холбоо болон Монгол оллэ байгууллага хамтран зохион байгуулав.

Нийслэл хотын төв талбай, Төрийн ордон, дуурийн театр, драмын театр, Хүүхдийн ордон, хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, орчин үеийн хотын хөгжлийг тольдон Туул голын эрэг дагуу алхаж, Тэрэлжийн бүс нутагт байгалийн үзэсгэлэнт газруудад хөл тавьж хамтдаа алхсан алхагч нар сэтгэл дүүрэн байж, олон улсын нөхөрлөлийг үүсгэж байгаа нь сайшаалтай байлаа.

Анх удаа тус фестивальд оролцож байгаа явган алхагчид сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, жил бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ байх болно гэдгээ илэрхийлж байв.

Улаанбаатар явган алхалтын фестиваль хэдийгээр явган алхалтын арга хэмжээ боловч отог цэг, үдлэх байршлууд дээр зохион байгуулагчдын бэлдсэн урлаг, соёлын сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлтгэсэн нь алхагчдад тун сонирхолтой байв. Тухайлбал, фестивалийн хоёр дахь өдөр зохион байгуулагдсан морьт харвааны үзүүлбэр гадаад, дотоодын алхагч нарын таашаалд нийцэж байлаа.

Хаалтын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, оролцогчид сертификат, шагналуудаа хүлээн авав. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас эхлээд Увс, Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгээс зорьж ирсэн олон алхагчид нутаг нутгийн зүг мордож, фестивалийн сонин сайхныг дуулгахаар зүг бүрдээ хөдөлж, хүрсэн газар бүрдээ алхалтын ач холбогдлыг таниулах болно.

Монгол улсыг зорин ирж оролцсон гадаад орны алхагчиддаа байгалийн сайхан, орчин үеийн хотын хөгжлийг харуулах нэгээхэн боломж бол явган алхалт юм.

Жил ирэх бүр хүрээгээ тэлж, оролцоо нь нэмэгдэж байгаа “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” арга хэмжээ ийнхүү амжилттай өндөрлөлөө.

 

Санал болгох мэдээ

“ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус …