Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.

Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо,  Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.

Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Мөн  бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан” үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлж байлаа. Цар тахал тохиолдож байсан ч “Чингис хаан” үндэсний музей болон олон жил гацсан Үндэсний номын сангийн барилгын ажлыг гүйцээн, ашиглалтад оруулсан юм.

Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, хүсэл зориг, эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллавал ямар ч зүйлийг даван туулж, хийж бүтээж чаддаг гэдгийн нотолгоо болсныг Ерөнхийлөгч онцоллоо.

Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна. Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:“Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн гол онцлог нь олон улсын чиг хандлагад нийцсэн үзэгч суурьтай боловсролын хөтөлбөрийг илүү давамгай байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл оюутан сурагчид маань танхимаар үзсэн хичээлээ бататгах боломжтой.
Энэхүү музей нь 44 мянга гаруй метр квадрат талбайтай, Азидаа эхний одоо 7-д хэмжээгээрээ орох хэмжээний бүтээн байгуулалт болж байна. Хамгийн гол бидний зорилт бол шинжлэх ухаан суурьтайгаас гадна орчин үеийн технологи ашигласан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн ирээдүйн технологи ашигласан, ирээдүйн чиг хандлагатай музей болох юм. Мөн гэр бүлээрээ хүрэлцэн ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл, аялал жуулчлал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн томоохон орон зай болох юм” гэлээ.

Санал болгох мэдээ

Малчид:НҮБ-аас олгосон мөнгөн тусламж, хандивыг хүлээн авч, хэрэгцээндээ зарцуулсан

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн гуравдугаар ээлжийн баг зүүн …