Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байна. Инфляцын 63.1 хувь буюу дийлэнхийг дотоодын бараа үйлчилгээ бүрдүүлж байна.

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл,  зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна.

Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 8,8 их наят төгрөгийн зээлийг 127 гаруй мянган өрх аваад байна. Орон нутагт энэхүү зээлийг олгоход түлхүү анхаарсны улмаас хоёр дахин нэмэгдсэн гэх зэргээр хөнгөлттэй зээлийн хөтөлбөр, зээлжих зэрэглэлийн төлөв байдал зэргийг танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна. Мөн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг хүсч байна. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно

Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 880 хууль, Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй хуулийг орлож байгаа 2768 журам байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны 32 хувийг хуулиар, 68 хувийг журмаар зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо хүнийг албан тушаал, өнгө үзэмжээр дүгнэж хүнд суртал, авлига, хууль бус ажиллагаа явуулах үндэс суурь бүрдэж байна гэсэн юм. 

Түүний дараа уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.ЦогтбаатарМонголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад бүрэн эрхт төлөөлөгч томилдоггүй, дампуурлыг зарладаггүй атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллаасай гэж хүсэж байна хэмээлээ.

Уулзалтын төгсөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрбээр, Монголбанкнаас гаргаж буй бодлого, шийдвэрийг Улсын Их Хурал итгэл төгс баримтлаж ажиллаж чаддаг болох ёстой. Арилжааны банкууд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна, улмаар шударга ёсыг хангах талаар хэрхэн ажиллаж байгаад анхаарал тавьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн 80 хувь нь хот, суурин газар, 20 хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт олгогдож байна.

Мөн арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хэдэн хувь нь хэрэглээний, хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл байгаа зэрэг олон үзүүлэлтээс банкуудын үйл ажиллагааг дүгнэж болно. Цаашилбал, өндөр хүүтэй зээл авч амьдралаа залгуулж буй ард иргэдээ төр зүгээр хараад сууж байж таарахгүй. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн хувьд өөрчлөлт хийнэ. Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гээд Монголбанк зээлийн хүүг бодлогын түвшинд бууруулах боломжийг судалж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг өглөө.

 

Санал болгох мэдээ

Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ

“Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, …