Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсантай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.09.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам багшийн хомсдолыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 гаруй багшийн сул орон тоо байна.
Англи хэлний багш 11 хувь
Физикийн багш 10 хувь
Химийн багш 10 хувь
Технологийн багш есөн хувь зэргээр багш нарын дутагдал их байгаа.
Гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаж, багш бэлтгэнэ гэсэн үг биш.
Хими, физик, биологи, технологи, англи хэл, математик гэсэн мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байгаа.
Хоёр жил химийн багшгүй явж байгаа баримт ч байна шүү дээ. Ийм сургуулиуд зөндөө бий. Үнэхээр сайн химич энэ чиглэлээр ажиллах боломжтой. Бид багшийн диплом олгоогүй. Багшлах эрх л олгож байгаа.
Цаашдаа тэр хүн 4-5 жил ажиллаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавина. Энэ чиглэлээр сургуулийн удирдлагуудтай уулзаад явж байна. Хурдан энэ асуудлуудыг шийдээд өгөөч ээ. Өмнө нь бид шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг нь авч байна гэж ярьж байна.
Хоёрдугаарт: Сургуулиуд дотор ур чадварын хомсдол их явж байна. Тиймээс бүх салбарын академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. “Үнэхээрийн чи сайн физикч юм бол ирээд заагаад өгөөч. Гадаадын их дээд сургуулийг сайн төгссөн юм бол ирээд заагаад өгөөч, багшлах эрхтэйгээр”. Ийм л юм ярьж байна. Судалгаа хийдэг, гадаад хэл дээр хайлт хийгээд эх сурвалжаа хичээлдээ ашиглачихдаг хүмүүст энэ зах зээлийг нээмээр байна шүү дээ.
Энэ шийдвэр хэрэгжсэнээр багшийн ачаалал буурна. Цөөн багштай учраас нэг багш олон ангид хичээл зааж байна. Багшийн ачаалал буурч байж чанар гэдэг юм үүснэ. Энэ жилээс бид 44-өөс дээш дүүргэлттэй бүлгүүдэд туслах багш ажиллуулж байгаа.
Багшийн туслахыг ажиллуулснаар ачаалал буурна. Багшийн нөөц бага болохоор хүүхдүүдийн чинь сурах эрх зөрчигдөөд байна. Тиймээс эдгээр шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”гэлээ.