Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны Андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн Андгай өргөх ёслолд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, эрүүл мэндийн салбарын ажилчдын “Харилцаа, хандлага” сэдвээр оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой. Хэрвээ би эсвэл миний ойрын хүн өвдчихвөл эмч надтай яаж харьцвал надад тааламжтай байх вэ гэдгийг байнга бод.
Ёс суртахуун, харилцаа хандлагаас эмчилгээний эхлэл тавигддаг. Та нар бол манай улсын эрүүл мэндийн салбарын ирээдүй. Оюутны андгайд “Шударга ёс, хүнлэг чанар, ёс зүйг дээдлэн сахих” гэдэг үг бий.
Өргөсөн андгайдаа үнэнч байж том өөрчлөлтийг авчрах хүмүүс нь та бүхэн шүү. Цаг үе биднээс ёс зүйг шаардаж байна. Манай анагаахын сургалтын систем сайн эмч бэлтгэх тал дээрээ маш сайн анхаарсан. Одоо цаашдаа хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, ёс суртахууны хичээлийг оруулах хэрэгтэй” гэлээ.