Алдарт эхийн одонтой ээж, цалинтай ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр /2024.09.24 /ээж, аавуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Иргэн Г.Хажидмаа: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлье гэсэн маш олон ээжүүд хүсэлт явуулдаг. Зайлшгүй шаардлагатай одонтой ээжүүд болон цалинтай ээжүүдийн 50 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааг нэн яаралтай дэмжмээр байна.
УИХ-ын сонгуулийн өмнө засаг барьж байсан Засгийн газар, холбогдох яамнаас одонтой ээж болон, цалинтай ээжийн тэтгэмжийг нэмнэ гэж салбарын сайд ярьж байсан.
Энэ удаад Засгийн газрыг нэн яаралтай хөхүүл ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжээд өгөөч гэсэн асуудлыг хөндөж байгаа юм.
Цалинтай ээж, одонтой ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэнээрээ нярай хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдлыг багасгана гэж бодож байна.
Бага насны хүүхдүүд маш их өвчилж байна. Энэ нь нярай хүүхдүүдийн хэрэглэдэг сүүн бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлүүд чанаргүй бүтээгдэхүүнүүд байгаатай холбоотой юм. Чанартайг нь авах гэхэд үнэ нь өндөр байдаг. Ээжүүд нэг уут памперс авч хүрэхгүй байна шүү дээ гэх асуудлыг ярьдаг. Ийм учраас гэртээ хүүхдээ харж буй ээжүүдийн амьжиргааг нэмэх шаардлагатай байгаа юм.
Энэ асуудлуудыг хэрэгжүүлэх хүртэл нь шаардсаар байх болно. Одонтой ээжүүд, цалинтай ээжийн мөнгөн тэтгэмжийг цалингийн доод хэмжээнд хүргэхийг шаардаж байна” гэлээ.