Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр /2024.09.26/ Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар ахмадын асрамжийн газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 8 ахмадын асрамжийн газар байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь, Увс, Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Энэхүү хяналт шалгалтын дүнг үндэслэн Баян-Өлгий, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Асрамжийн газруудад дараах нийтлэг зөрчил байна.
Үүнд:
–Асрамжийн газрын байр ахмад настанд ээлтэй байдлаар төлөвлөгдөөгүй, хүртээмжгүй байна. Иймд байрыг шинээр барих, засварлах шаардлагатай байна. Ингэхдээ тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй ахмадын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх.
-Ахмад настны бичиг баримтын бүрдэл, хувийн хэргийг бүрэн гүйцэт хөтлөлт дутуу.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эмийн хангалтыг сайжруулах. Зохих эмийн нөөцийг бүрдүүлэх.
-Сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ сэтгэл зүйчийн орон тоог бий болгох, сэтгэл заслын үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэх.
-Хоол хүнсний чанар хүртээмжийг сайжруулах. Ахмад настанд тохирсон хоол хүнсээр хангах.
-Ахмадын асрамжийн газрын Камерын хяналтын журмыг баталж мөрдүүлж, хүний хувийн мэдээллийг хамгаалах.
-Ахмад настанд эдийн засгийн эрх чөлөө олгох. Тэтгэвэр, тэтгэмжийн 70 хувийг өөрийн мэдлээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч захиран зарцуулж буй тохиолдолд байгууллагын дотоод хяналтыг тогтмол ажиллуулах.
-Асрамжийн газрын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулах шаардлагатай.
Тиймээс Дорноговь, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн Асрамжийн газрын газрын эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй танилцуулах болно” гэлээ.