Сансрын орон зайд “нүүх” Монгол мөрөөдөл биеллээ олох нь!

 Үндэсний хиймэл дагуултай болох эсэх тухай асуудал Монгол Улс тийм ч шинэ юм биш. Санал, судалгааны ажил нь аль 2011 оноос эхэлсэн түүхтэй. Одоогоос 13 жилийн өмнө. Энэ хооронд яг таван Засгийн газар, УИХ, гурав дахь Төрийн тэргүүнийхээ нүүрийг үзжээ. Хиймэл дагуул хөөргөж сансрын орон зайг ашиглах замаар үндэстнээрээ дэлхий нийттэй шууд холбогдох санаачилга цаасан дээрээ л Монгол мөрөөдөл болж үлдсэн юм. Харин Франц, Монголын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний харилцан айлчлалын үр дүнд Цахим хөгжил, харилцааны холбооны яам болон “Талес Алейна Спейс” компани хооронд санамж бичигт гарын үсэг зурснаар цаасан дээрээ бүдгэрсэн тэрхүү мөрөөдлийг бодит ажил болгох “галт тэрэг” албан ёсоор хөдөлсөн байдаг.

Үүнээс жил гаруйн дараа Засгийн газраас “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төсөл боловсруулсныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал даалгажээ. Сайд Н.Учралын хувьд өмнөх Засгийн газрын үед цахимжуулалтын салбарыг хариуцаж асан бол энэ удаад Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг даргалдаг. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь үндэсний хиймэл дагуул байх нь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч даргалж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүрэлдэхүүнд багтдаг. Эндээс нэг дүр зураг бууна.

Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компани 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж, Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх санамж бичигт Н.Учрал сайд гарын зурахад Францын Ерөнхийлөгчтэй зэрэгцээд зогссон хүн нь У.Хүрэлсүх. Хэрэг эрхлэхийн даргын хувиар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтан нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг танхимын үндсэн чиглэлийн нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах Н.Учрал сайдын төсөл “ногоон гэрэл”-ээр дэмжлэг хүлээнэ гэсэн үг. Үндсэндээ Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох нь өнөө маргаашийн асуудал юм.

Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн хурдацтай хөгжлийн эрин зуунд бүх зүйл харилцаа холбоо, тэр тусмаа цахимжилтаас хамааралтай болж эхэлсэн нь өдөр тутамд нэвтэрч, нэвтрүүлж эхэлсэн үйлчилгээнүүд харуулж буй. Үүнээс хоцрох бус харин ч хөл нийлүүлж алхах нь зүй ёсны шаардлага, хэрэгцээ бидэнд бий. Хэрэвзээ Монгол Улс өөрийн гэсэн үндэсний хиймэл дагуултай болсон тохиолдолд газар нутгаа бүрэн хамарсан орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж, интернэтэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг хаанаас ч авах боломж бүрдэнэ.

Зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг хална. Онцгой байдлын үед байнгын харилцаа холбоо бий болж, гамшиг ослын эрсдэлийг бууруулах давуу талтай. Хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгох нөхцөлийг бүрдүүлэх нь өөрөө тэгш бус байдлыг арилгахад томоохон түлцэх болно. Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажлыг эрчимтэй хийсэн ч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн ердөө 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээнд нэвтэрчээ. Үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй хэрэг.

Тэгэхээр Н.Учрал сайдын хариуцаж буй төсөл нь эдийн засгийн ач холбогдол талаасаа ч, иргэд очих хүртээмжийн хувьд ч шинэ үеийн алхам болох хөгжлийн луужин юм. Өргөн уудам газар нутагт, тархан суурьшдаг монголчууд, нүүдлийн соёл тээгчид орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байж, интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах нь. Хамгийн гол нь, иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах талаасаа ач холбогдол нь өндөр. Дан ганц суурин газар гэлтгүй 250 мянган малчин өрх “E-Mongolia”, “E-сургууль”, “E-эмнэлэг” зэрэг үйлчилгээ авах өөрөө бодит утгаараа тэгш хуваарилалт, тэгш хүртээмжийн илрэл болж бууна.

Ганцхан жишээ дурдахад үндэсний хиймэл дагуултай болсноор шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх нь тооцоолол гарчээ. 29 их наяд гэдэг бага мөнгө биш улсын төсөвтэй тэнцэхүйц тоо. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хийнэ гэж тооцвол дахиад 30 жилийн хугацаа ч шаардлагатай байж мэднэ. Тэр болтол Монгол Улс технологийн хувьсгалын хөгжлөөс хол хоцорно уу гэхээс хөл нийлүүлэн алхах ямар ч боломжгүй. Хамтарсан Засгийн газраас нэн тэргүүнд хиймэл дагуултай болгох төслийг бусад 13-аас нь шигшиж аваад Н.Учрал сайдад онцгойлон хариуцуулсан шалтгаан нь ердөө л энэ. Гагцхүү технологийн салбарын “магнат” Элон Маскийн SpaceX үү? эсвэл Япон улсын пуужинд суурилуулж хиймэл дагуулаа хөөргөх эсэх нь өдгөө хэлэлцээний түвшинд явааг сайд Н.Учрал онцолсноос харахад эл төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлж, хөдөлгөх нь нэгэнт тодорхой болсныг илтгэж байгаа юм.

Ийнхүү сансрын орон зайд “нүүх” Монгол мөрөөдөл биеллээ олж, бас нэгэн түүх бичих нь цаг хугацааны л асуудал боллоо.

Г.Эрхэс

Санал болгох мэдээ

“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад …