Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болжээ

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, хуульд заасны дагуу ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаа томилуулах саналаа нэгтгэж, дээд шатны Засаг даргад уламжлах ёстой.
Энэ дагуу нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр сонгогдсон.
Мөн хуралдаанаар ДИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндсайханыг ИХТ-ийн 86 хувийн саналаар Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын даргаар сонгожээ.

Түүнчлэн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Г.Жаргалсайханыг дүүргийн төлөөлөгчдийн олонхи дэмжиж, түүнийг үргэлжлүүлэн дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг гаргаж,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлэн батламжлуулахаар боллоо.

 Г.Жаргалсайханы хувьд БНСУ-д бакалаврын  боловсрол эзэмшсэн, Удирдлагын академид суралцан Төрийн захиргааны удирдлагаар мэргэшсэн, өнгөрсөн 4 жилд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан, дүүргийнхээ иргэдийн ажил амьдрал, тулгамдсан асуудлыг сайн мэддэг, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажилладаг, мэдлэг туршлагатай, нэр цэвэр, зарчимч залуусын нэг гэж Баянзүрх дүүргийн иргэд ам сайтай байдаг юм билээ.

Тиймдээ ч тэрбээр Баянзүрх дүүрэгт НИТХ-д нэр дэвшигчид дотроос 17905 иргэний санал буюу хамгийн олон дэмжигчийн саналыг авч авч сонгогдсон байх.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуулийн хугацаанд багтаан Г.Жаргалсайханыг батламжилснаар тэрбээр ирэх 4 жилд Баянзүрх дүүргийг удирдан ажиллах юм.

 

Санал болгох мэдээ

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. …