М.Одгэрэл: Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, шинээр хөгжүүлж буй судалгааны бүтээгдэхүүн дээрээ илүүтэй анхаарч ажиллаж байна

Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб нь гишүүн сэтгүүлчдийнхээ хүсэлтээр танилцах ТУР аяллыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Монголын анхны хувийн хэвшлийн байгууллага болох Монос эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монос эмийн үйлдвэр нь 1990 онд үүсгэн байгуулагдаж энэ цагаас хойш өнөөдрийг  хүртэл Монгол оюун санаагаар бүтээгдсэн 73 нэрийн 150 тун бүтээгдэхүүний шинээр нээн, үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлжээ. Үйлдвэрийн хувьд 230 орчим ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ба үүнээс 40 орчим нь эрдэмтэн, судлаач, доктор, профессорууд. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монос эмийн үйлдвэр нь 35 орчим патентыг эзэмшиж, Монгол Улсын стандартыг 8 удаа хангаад буй.

Монос фарм ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Одгэрэл: Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн сэтгүүлчдэдээ баярлалаа. Монос үеийн үед иргэд, олон нийтэд нээлттэй компани байж ирсэн. Бид дотоодын хэрэглэгчийн эмийн хэрэглээг хангах гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал хийгээд шинээр хөгжүүлж буй судалгааны бүтээгдэхүүн дээрээ илүүтэй анхаарч ажиллаж байна. Бидний ойрын төлөвлөгөө бол экспортод гаргаж буй бүтээгдэхүүнүүд дээрээ анхаарч байгаа бөгөөд одоогоор Киргиз улсад нээсэн төлөөлөгчийн газраа жигдрүүлэхээр ажиллаж байна.

Киргиз улсад Моносын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нийлэгдэж 3 ч удаагийн ачилт хийгдээд явж байна. Энэ нь тухайн улсын ойролцоо 4,5 улсад Моносын бүтээгдэхүүн худалдаалагдах боломж бүрдэж байгаа хэрэг юм. Өнөөдөр Монгол улсад 20 орчим эмийн үйлдвэрүүд эм ханган нийлүүлж байна. Бид чөлөөт өрсөлдөөний зарчмаараа үнээ тогтоож байна.

Эм судлалын хүрээлэнгийн захирал Р.Лхаасүрэн: Бид монголын уламжлалт анагаахын суурь мэдлэг дээр тулгуурлан ургамлын гаралтай брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг гол зорилгоо болгон судалгаа хөгжүүлэлтээ явуулж байна. Олон улсын эрдэмтэдтэй хамтран гаднын эмийн судалгаа хийхээс гадна эмт ургамлын тарималжуулалтыг ашиглаж одоогоор 10 гаруй эмийн ургамлыг тарьж ургуулан ашиглаж байна.

МОНОС ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Үйлдвэрийн тухайд өөрийн лабораторидоо химийн 327, микробиологийн 40 үзүүлэлтээр жилдээ 4000 орчим дээжид шинжилгээ хийдэг.

Хүчин чадлын хувь ажлын 8 цагаар 1 сард 500,000 блистер эм, 200,000 пакет мөхлөг эм, 100,000 флакон ургамлын гаралтай эм, 150,000 флакон шингэн эм, 200,000 флакон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн, 1,000,000 уутан үрлийг үйлдвэрлэж хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Англи улсын LGP стандарт ур чадварын шалгалтад 8 удаа хамрагдаж амжилттай даваад байна.

Тур аяллын хүрээнд сэтгүүлчид эм судлалын хүрээлэн болон эм үйлдвэрлэлийн эхлэл шатаас эцсийн шат хүртэлх шат, дамжлагуудтай танилцлаа. Сэтгүүлчдийг нэвтрэх бүрд халдваргүйжүүлэлтийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсүүлэн нэвтрүүлж байсан бөгөөд үйлдвэрийн дотоод орчны агаар нь 99,99 хувь шүүгдсэн хамгийн цэвэр орчинд үйлдвэрлэл явагддаг нь сэтгүүлчдийн сонирхлыг татаж байлаа.

Ажилсагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажил, мэргэжлээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт (ХЧА)-ын тухайд сэтгүүлчдийн асуултад захирал М.Одгэрэл хариулахдаа “Манай байгууллага нь жил бүр хөдөлмөрийн нөхцөлөө тодорхойлуулдаг бөгөөд үүгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж дүгнэлт гарсан. Бид ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг тооцож ажиллах орчноо илүүтэй анхаарч сайжруулдгийг та бүхэн харсан байх, мөн бид 11,15 цагуудад ажилчдаа амраадаг. Хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран ажилчдадаа массаж хийлгэдэг гэхчлэн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах үүднээс энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг” гэлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Маргаашаас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн …