Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарлав
Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.
2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.