“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно

Зөвхөн олон сар жилээр тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балет эвдэж байна.

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурван сар бэлтгэгдсэн хүүхдүүдийн зарим нь  ээжтэйгээ  хамт тоглох нь.

                 Олон Улсын Урлаг боловсролын хөгжлийн “Гэрэлт ертөнц” академи “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийнхөө хүрээнд “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балет наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. ОХУ-ын балетын жүжигчдийн хамт 12 дугаар сарын 28, 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглох тус тоглолтын тасалбарын үнэ 33 000-55 000 төгрөг.

 

Дэлхийн аль ч улс оронд шинэ жилийн баяраар хүүхэд багачууд, томчуудад урлагийн гайхамшгийг мэдрүүлэн шидэт ертөнцөөр аялуулдаг сонгодог урлагийн тоглолтыг илүү олон хүүхэд багачууд, томчуудад хүргэхийн тулд  олон шинэ шийдэлтэй зохион байгуулж байгаагаа “Гэрэлт ертөнц” академийн тэргүүн, балетчин Ч.Батгэрэл  танилцууллаа.

Тэрээр “Бид хүүхдүүдэд зөвхөн тоглолт үзээд зогсохгүй тайзан дээр шидэт үлгэрийн дүр бүтээх үүд хаалгыг нээдгээрээ онцлог. Манай сургалтыг ОХУ-д балетын мэргэжил эзэмшсэн, хайр татсан олон дүр бүтээж амилуулсан багш нар эрхлэн явуулдаг. Бидний хувьд илүү олон хүүхдийг тоглолтдоо хамруулж балетын урлагаар хичээллэх боломжийг олгохыг зорьж байна. Тиймээс “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетдаа цасан ширхгийн бяцхан охидоос эхлээд Орос, Хятад, Испани үндэстний хүүхэлдэй гээд олон дүрүүдийг нэмж дэглэж байна. Эцэг эхчүүд энэ хотын түгжээнд хүүхдүүдээ хичээл сургалт таслуулахгүй зөөж хамруулж байгаад үнэхээр их талархаж байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүд балетын урлагт улам бүр  дурладаг.

Тиймээс бид хүүхдүүдээ уйгагүй зөөж байгаа ээжүүддээ бэлэг барихаар 19 зууны хатагтайн дүрд бүжиглэх санал тавьсан. Эцэг эхчүүд маш баяртай хүлээн авч ордны бүжгийн сургалтад хамрагдан хүүхдүүдтэйгээ хамтран тайзнаа бүжиглэж байна. Ер нь бидний тоглолт гэр бүлээрээ цугласан баярт мөчүүд болж өрнөдөг. Монгол хүүхдүүд энэ сонгодог урлагийн бүтээлийг үзээд зогсохгүй суралцаж, жүжигт оролцон тоглосноороо олон талаараа хөгждөг” гэлээ.

“Гэрэлт ертөнц” академи нь сонгодог урлагаар дамжуулан үндэсний бахархлыг бий болгохын зэрэгцээ өв тэгш үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийг санаачилжээ. Самар цөмөгч модон цэргүүд Маша охиныг аврахын тулд хулганын хаан ба түүний цэргүүдтэй хэрхэн тулалдан тэмцэж байгааг өгүүлдэг “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетыг хүүхэд багачуудтайгаа үзэж урлагийн гайхамшгийг мэдрэн мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

 

Санал болгох мэдээ

42 дахь удаагийн Болор цомын эзнээр А.Лхагва тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон …