БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов.
Арга хэмжээнд ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, “Харбин-2025” Азийн наадмын Монголын багийн ахлагч Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцлоо.
Энэ үеэр ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Олон сар жил уйгагүй хөдөлмөрлөж, тэсвэр тэвчээр хатуужил, чанд сахилга бат, хүнд хэцүү бэлтгэлийнхээ үр дүнг хэдхэн секунд, долиор хэмжүүлж, эх орон, гэр бүл, ард түмнийхээ итгэл найдварыг чин зүрхэндээ тээдэг болохоор тамирчны алдар хямдхан олддоггүй ээ. Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ард төр засаг, гэр бүл, спортын байгууллагууд, ард түмэн хамт зогсож байдаг, Та бүхэн удахгүй Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, хайр хүндлэлийг тээн өрсөлдөх болно. Гагцхүү ямар ч үр дүн гарсан Та бүхэн бол Монголын ард түмний бахархал гэдгийг санаж яваарай” хэмээн онцоллоо.
Мөн Монголын багийн тугч болох цанын спортын Б зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Ачбадрах, шорт трекийн тамирчин, ОУХМ Б.Гэрэлтуяа нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулж, тэд тамирчны тангараг өргөсөн юм.
Монгол улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцох болсон нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болж байна.