Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр 2025”-д таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж, малчид худалдаа үйлчилгээгээ гаргалаа. Малчид ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж 78,2 сая төгрөгийн орлого олсон бол уламжлалт гар урлалынхан 30 гаруй сая төгрөг, хоол үйлдвэрлэгчид 139 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Мөн сийлбэрч, уран хатгамалчид 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж 30-аад сая төгрөгийн орлого олсон байна.
“Түмэн тэмээний баяр 2025”-д Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас 24500 гаруй оролцогч, гадаадын улс орнуудын 100 гаруй жуулчин аялагч, мэргэжилтнүүд оролцлоо гэж Өмнөговь аймгийн ХХААГ мэдээллээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сийлбэрч О.Мөнх-Эрдэнэ: Хувиараа гар урлал эрхлээд 20 гаруй жил болж байна. Ёлын амны аялагч жуулчдад бүтээлүүдээ борлуулдаг. Чулуу, эвэр, модны хатсан үндэс зэргээр сийлбэр, эд хэрэглэл хийдэг. Энэ жилийн баярт чоно хөөж байгаа, шавж байгаа буурны баргил чулуун сийлбэр, байгалийн үнэт чулуугаар урласан ёлын амны янгир, хадан дээрх янгирын сийлбэр, чулуужсан модоор урласан янгир бас модны үндсэн урлалуудтай оролцож байна. Миний энэ бүтээлүүд 20000-400000 төгрөгийн үнэтэй.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн аймгийн аварга малчин А.Халтар:1980 онд аймгийн аварга малчин, төрийн одон медаль олныг авч байлаа. Нас ахисан гээд зүгээр суух дургүй. Түмэн тэмээний баяраараа өөрийн гараар эрчилсэн тэмээ малын ногт чөдөр, гэрийн уяа дээсээ борлуулах гээд ирлээ. Тэмээний ноосоор томсон хурдан тэмээний ногт 250000 төгрөгийн үнэтэй. Сарлагийн савгаар хийсэн гэрийн чагтага 100000 төгрөг, өрхний дөрвөн ширхэг оосроо нийлүүлээд 100000 төгрөгөөр зарна.
Эсгий оймс 15000, голын ногт 250000 төгрөг. Ногт хийхэд утсаа ээрнэ. 16 алд утас 8 ширхэг орно. Буурын ноосоор хийсэн чагтага энэ байна. Өмнө нь үйлдвэрүүд их оёдог байсан бээлий хүртэл хийж зардаг. Дөнгөж сая бараагаа гаргаж тавиад нэг олмоо 70000 төгрөгөөр зараад баярлаад сууж байна.