Хойч үедээ усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломжтой

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

 ЗГХА  Усны  газрын дарга З.Батбаяр болон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын “Энержи эко” клубийн сурагчид, сэтгүүлчдийн төлөөллийг хамруулан хийсэн энэхүү уулзалтаар монгол оронд нүүрлээд буй цэвэр усны нөөц хэрхэн багасаж буйг онцолж, тулгараад буй нөхцөл байдлыг хэрхэн буруулах арга замуудын талаар санал солилцлоо.

ЗГХА Усны газрын дарга З.Батбаяр:Өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нийг дэлхий нийтээрээ усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ нь усны хэмжээ ихэдвэл гамшиг болно, ус багадвал амьд бүхэн цангах эрсдэлтэй тул ийн тэнцвэрийг хадгалах үүднээс тус өдрийг сонгож усны талаар дуу хоолойгоо өргөж байхаар шийдвэрлэсэн гэлээ.

Өглөөний уулзалт “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өрнөлөө. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас мөнх цас уулсын мөс хайлж, газрын цэвдэгшил багасаж гол, нууруудын усны түвшин багасах эрсдэл үүсээд байна. Иймээс манай улсын хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж усаа хайрлахыг ирээдүй хойчдоо уриалж буй билээ. Иймээс хүүхдүүдийг багаас нь экологийн боловсролтой болгоход анхаарч байна. Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлахад үе тэнгийнхнийгээ уриалж буй аж.

Усаа хамгаалж, гол нууруудын усны түвшинг нэмэгдүүлэх хүрээнд 360 суманд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэж хөв цөөрөм байгуулснаар гол нууруудын усны түвшинг тогтоон барих ач холбогдолтой гэж З.Батбаяр онцлов.

Үүнээс гадна дэлхийн цэвдэгшлийн хэмжээ буурч байгаа нь усны мэргэжилтнүүдийн санааг чилээсэн асуудал болжээ. Цэвдэгшил багасахын хэрээр цөлжилт нэмэгддэг гэдгийг З.Батбаяр дарга тодотгов. Иймээс Монгол орны цэвдэгшлийн талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Ингэж цэвдэгшлийн нарийн судалгаа хийх нь цаашид ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг зүг чигийг заах хөтөч болох юм.

Өдгөө манай улс усаа хайрлахыг ач холбогдлыг цэцэрлэгийн наснаас нь эхлэн ойлгуулдаг болсон. Хойч үедээ  усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломж бүрдэх юм

Энэ жил зарим аймагт зуд болсноос шалтгаалж жилийн усны хэрэглээ есөн сая шоометр кубээр буурчээ. Цаашид ч усны хэрэглээг багасгах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байна. Ингэхийн тулд  автомашин угаалгын газрууд саарал ус ашиглах, борооны усны хуримтлал үүсэх хэрэгтэй гэж зөвлөв.

Мөн энэ өдрийн уулзалтын зочдоор уригдсан  “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Энержи эко” клубийн сурагчид З.Батбаяр дарга болон МҮОНТ-ийн “Ногоон шошго” нэвтрүүлгийн санаачлагч редактор Ц.Цэвээнхэрлэнгээс сонирхсон зүйлээ асуулаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолборын сурагч Б.Тэлмүүн “30 жилийн өмнөөс манай улс усны өдрийг тэмдэглэж иржээ. Гэхдээ бидний дээд үеийнхэн усыг хайрлах талаар яг юу хийсэн бэ гэдгийг би Усны газрын даргаас асуулаа.
Усны газрын дарга З.Батбаяр бидний үеийнхнийг уучлаарай л гэж хэлж байна. Бид гэхдээ өнгөрсөн үеийнхнээс буруутан хайх гээгүй. Бид болоод манай үеийнхэн мэдээж шийдэл хайна. Миний ээж аав надад багаас маань усаа гамнах тэр ч байтугай хувцсаа хүртэл хайр гамтай хэрэглэхийг зааж сургасан. Би энэ хүмүүжлээрээ өнөөдрийг хүрсэн. Надад усаа хаахгүй гоожуулаад байхад харамсах сэтгэл төрдөг. Бид хойч үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлнэ. Тэдэнд мөн л байгаль дэлхийгээ усаа гамнах талаар ойлголт мэдлэг суулгана гэж боддог” хэмээв.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион …