
“Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрах: Эмчийн буруутай үйлдэл гэхээсээ илүү тогтолцооны гажуудлаас болж эмч, мэргэжилтнүүд их хохирдог. Үүнийг бид ялгаж салгаж, нягталж мэдээлдэг байх хэрэгтэй.
“Өнөөдөр” сонины тоймч О.Бат-Ундрах: Салбарын үнэнийг илчилж, тулгамдсан асуудлыг сөхөн, бодит шийдлийг эрэлхийлэх нь сэтгүүлчдийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг билээ. Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө бид үзгээрээ тэмцэх хэрэгтэй.
“Оюуны дархлаа төв” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар: Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөч нь эмч нар биш, сэтгүүлчид юм. Сэтгүүлчийн сайн боловсруулсан мэдээлэл нь олон нийтийг эрүүл мэнддээ анхаарахад хүргэдэг.
ETV телевиз, сэтгүүлч Э.Энхжаргал: Эмч, ажилчдад баталгаатай цалин хангамж өгч, хууль, эрх зүйн хамгаалалтад ажиллаж, амьдрах боломжийг олгох нь салбарын гол зорилгуудын нэг байх ёстой.
“Архангай медиа групп”-ийн захирал О.Амарзаяа: Хүний хамгийн үнэт баялаг бол эрүүл мэнд. Түүнийг хамгаалахад сэтгүүлчдийн оролцоо маш чухал.
ТВ5, сэтгүүлч Т.Бадамханд: Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын тулд улс нь хөрөнгө зардаг, иргэд нь шинжлэх ухаанд итгэдэг байх учиртай. Ингэснээр олон нийт чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авч чадна.
“25 дугаар суваг” телевиз, сэтгүүлч Б.Аюурбунь: Маргаашийн нарыг харах гэж олон хүн амьдрал, үхэлтэй тэмцэн, өвчинд шаналж байгаа. Яг одооноос эхлэн эрүүл мэндээ хайрлаж, хамгаалаарай.
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд: Иргэд заавал гадаад явж эмчлүүлэх бус, эх орондоо ижил тэгш эмчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Манай улсад чадварлаг эмч олон бий.
Сэтгүүлч С.Будрагчаа: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг харлуулан гутаах, аливаа хэлбэрээр шүүмжлэн доромжлох хандлага сүүлийн үед маш их болсон. Бид үүнтэй эвлэрч болохгүй.
Ubn.mn Сайтын эрхлэгч, “Лхагвын тойм” нэвтрүүлгийн сэтгүүлч Г. Лхагвадорж: Өвчингүй байх нь ямар чухлыг мэддэг шиг ээ эрүүл мэндээ өөрөө л хамгаална гэдгээ ойлгоцгооё. Эрүүл байх нь төрөөс, эсвэл хэн нэгнээс хамаардаг зүйл биш.
Дорнод дата студийн сэтгүүлч, МҮОНТ-ийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Б.Орхонтуул: Эрүүл байна гэдэг олон нийтийн мэдлэг, хандлагатай салшгүй холбоотой. Тиймээс сэтгүүлчид үүнд гол нөлөө үзүүлэх ёстой.
Масс.мн ерөнхий редактор Б.Нарангоо: Эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн. Бид үндэстнээрээ эрүүл амьдралын дадал, хэвшилтэй болж гэмээнэ, өнөөдөр эрүүл байх тухай ярина.
“Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч Ч. Үл-Олдох: Эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл байж иргэнээ хамгаалж, эмч нараа хайхардаг болчихвол олон асуудал аяндаа цэгцрэх юм.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Доржбаяр : Эмчлүүлэх гэж хандив, гуйлга гуйдаг л ард түмэн боллоо. Энэ байдал хэзээ цэгцрэх вэ.
Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн М.Баянзул: Эрүүл цус бусдад донор болдог шиг эрүүл харилцаа, эерэг бүхнийг түгээдэг сэтгүүлчид байж нийгмээ вакцинжуулъя.
Newswall.mn сайтын эрхлэгч П.Нарандэлгэр: Өндөр наслалтаараа тэргүүлдэг дэлхийн улс орнуудын хүмүүс “Өглөөний цайгаа уусан уу” хэмээн мэндчилдэг. Эрүүл мэндээ хамгаалах нь энэ мэт энгийн зүйлээс эхэлнэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэг : Сэтгүүлчид салбар бүрээр мэргэших нь чухал юм. Эрүүл мэнд ганцхан эмчээс биш, иргэн, та, биднээс шалтгаална. Таны эрүүл мэнд-таны гарт
Сэтгүүлч Г.Нараа: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн боловсролд багаас нь анхаарч, зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд хамгийн ЭРХЭМ баялаг.
“Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн зүгээс нийтийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд мэргэшсэн сэтгүүлчдийг бий болгох зорилгоор “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриатайгаар 4 дэх жилдээ тогтмол үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны төрөлжсөн сэтгүүлчдийн холбоо юм.