Яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч буй “Чимээгүй хотын жолооч” хэмээх киног яагаад заавал үзэх ёстой 5 шалтгааныг хүргэе.
Дэлхий ҮНЭЛСЭН КИНО
Монголын түүхэнд, бүх цаг үеийн кинонууд дундаасаа Олон улсын продюсеруудын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн буюу бидний хэлж заншсанаар А зэрэглэлийн кино наадмаас ГранПри шагналыг хүртсэн цор ганц кино юм.
Өнөөдрийн байдлаар /2025.05.29/ Таллинны Хар Шөнө Олон Улсын кино наадмаас “Шилдэг Зураач” болон “Шилдэг Кино” Гран При шагнал, Осакагийн Азийн кино наадмаас “Азийн Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал, Удиний Алс Дорнодын Кино наадмаас “Үзэгчийн сэтгэлд нийцсэн кино” шагнал, Кералагийн Олон Улсын кино наадам, Чикагогийн Азийн кино наадамд албан ёсоор сонгогдсон бөгөөд Asian Pulse Movie-н Азийн шилдэг 30 киноны нэгээр нэрлэгдээд байна. Энэ бол дөнгөж эхлэл бөгөөд цаашид олон олон наадам хүлээж буй.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит нэгэн ТЭСРЭЛТ
1998 онд “Диваажингаас амьдралд хүрэх зам” уран сайхны киногоороо найруулагчийн гараагаа эхэлсэн тэрээр та бидний сайн мэдэх “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Үргээлэг”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Үүр цайгаасай”, “Худалдагч охин” зэрэг 20 гаруй уран бүтээл дээр найруулагчаар ажилласан, орчин цагийн кино салбарын топ найруулагчдын эгнээг өнгөлж яваа нэгэн. Өөрийн гэсэн үзэл бодол, өнгө төрхтэй түүний бүтээлийг салбарынхан нь хичээл болгон үзэхээр хүлээдэг бөгөөд кино сонирхогчид ч мөн “Сэнгээгийн кино”-г хүлээн байж үздэг. Энэ удаад түүний отгон бүтээл “Чимээгүй хотын жолооч”-ийг кино шүүмжлэгчид өндрөөр үнэлж байна.
Үхэгсдэд үйлчлэгч залуу, амьдрагсдад үйлчлэгч бүсгүйн ХОРШИЛ
“Чимээгүй хотын жолооч” киноны гол дүрд ҮУИТеатрын мэргэжлийн бүжигчин А.Түвшинбаяр, интерьер дизайнер Г.Наранцэцэг нар тогложээ. Аль алиных анхны дэлгэцийн дүр бөгөөд үзэгчид дүр нүдээ олжээ хэмээн тэдний тоглолтыг ихэд магтан буй. Тэд үнэхээр мэргэжлийн жүжигчнээс дутахгүй сайн “дүр бүтээсний” жишээ нь Мягмарын дүрд тоглосон А.Түвшинбаяр Осакагийн Азийн кино наадмаас “Азийн Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн явдал юм.
Д.Цогт: Мягмар нэртэй үхэгсдэд үйлчлэгч залуу, шөнө дөлөөр амьдрагсдад үйлчлэгч бүсгүй Саруул хэмээх гол дүрүүдийн нүүр болон биеийн гадна төрх, хэлбэр байдлыг голчилж сонгосон болов уу, үнэхээр энэ бүтээлийн амин сүнс нь болж чадаж…
Угаасаа чимээгүй хотын оршин суугчид нүүр биеийн хэлэмжээрээ ярилцаад сурчихсан болохоор хааяа л нэг товч үгээр эв хавгүй ээрч гацаж ярих нь ч зөв байх…
Нүд, чих худал. МЭДРЭМЖ ҮНЭН
Энэ үгийг найруулагч Ж.Сэнгэдорж нээлтийн улаан хивсний ёслолынхоо тайзан дээрээс хэлсэн юм. Нүдээрээ харж, чихээрээ сонсдог ч зүрх, тархинд ирэх мэдрэмж илүү үнэн билээ.
cineuropa.org сайтын нийтлэлч Мариана Христова: Монголын найруулагч Ж.Сэнгэдорж диваажингийн орноос хөөгдсөн сахиусан тэнгэр адил дүрийг ашиглан ховс мэт, оюун санааны эрэл хийж, эгэл амьдралын өгүүлэмжээр нүсэр агуулгыг хөнджээ…
…Автобусны буудлын самбарын урд зогсох залуу болоод тэмээний сцен ээлжлэх сюрриал үзэгдлээр кино эхэлнэ. Кино бүхэлдээ нэг хөл нь бодит байдал дээр нөгөө хөл нь гол дүрийн дотоод ертөнцийн уудамд дэнжгэнэх шиг мэдрэмжийг төрүүлэх аж. Өндөр, царайлаг, гүн шаналанд автсан энэ нууцлаг эр бол Мягмар (сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийн эзэн, мэргэжлийн бүжигчин Амартүвшингийн Түвшинбаяр). Дэлгэцнээ өрнөх түүний аялал энэ л автобусны буудлаас эхлэх бөгөөд залуу тамирдсан сэтгэлдээ тайтгарал эрж л Улаанбаатарын гудмаар хэрэн хэсэх аж. /орчуулсан Усны гудамж/
ЧИМЭЭТЭЙ кино 7.1 дуугаралт
“Чимээгүй хотын жолооч” нэртэй ч чимээтэй кино. Францад пост-продакшнаа хийлгэсэн тул 7.1 дуугаралтын гайхамшгийг мэдрүүлнэ. Тиймээс хэрвээ та гэртээ home theatre-гүй л бол энэхүү киног театрт үзэж, дууг нь мэдрэх хэрэгтэй.
Уран бүтээлчид үзэгчдээ илүү тансаг дуу чимээг хүргэхээр зорин, гадаад улсад дуугаа 7.1-ээр хийлгээд ирж байхад, үзэгч бид тэднийг хүндлэн театрт очиж түүнийг нь мэдэрвэл зохистой. Мөн дуунаас гадна гадаадын кино экспертүүдээс өндөр үнэлгээ авсан зураглалыг өргөн дэлгэцээр үзвэл нүд баясах болно.
…“Тэнд огт хэрэггүй scene нэг ч байгаагүй, бас scene бүртээ cinematography тал дээр маш сайн анхаарч ажилласан нь илт харагдаж байсан. Барууны чанартай найруулагчдын киног үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн шүү. Зураглаачийн багийг нь бол шүтье, шүтье.” / Ном, Кино, Хөгжим, Уран зураг = УРЛАГ хуудаснаас эшлэв/