Улаанбуудайг импортоор оруулахад гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив

 УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр / 2013.12.12 / өргөн барилаа.

Манай улс 2013 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 369.8 мянган тонн буудай, 190.1 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 42.6 мянган тонн тосны ургамал, 42.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.

Буудай, гурилын үйлдвэрлэл өсөхийн хирээр хүн амын хэрэгцээт гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, үүний зэрэгцээ төгрөгийн ам доллартай харьцах ханшийн өөрчлөлтөөс хамаарч гоймон, цагаан будаа зэрэг гурил орлох бүтээгдэхүүний импорт буурч, дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байгаа тухай салбарын сайд дуулгасан. Мөн дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улиралын нөөц бүрдүүлэх зорилгоор 2014 онд 100.0 хүртэл мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг импортоор авах шаардлага гарч байгааг хуулийн төсөл санаачлагч хэлсэн.

Гурил үйлдвэрлэгчид хөрш ОХУ-аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай худалдан авсан тохиолдолд гурилын үнийн тогтвортой байдал алдагдаж иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ. Иймд 100 хүртэлх мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг 2014 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …