Байрны ордероо авч чадахгүй хоёр жил хохирч яваа иргэд Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорин ирж ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргүүлэхээ илэрхийллээ.
Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд төр засгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар цэцэг өргөсөн. Үүний дараа тус хөшөөний дэргэд Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн 10 гаруй хүмүүс хэвлэл мэдээлэлд хандан мэдээлэл өглөө. Тэдэнд дунд нялх хүүхдээ тэвэрсэн ээж хүн ирсэн байлаа.
Эдгээр хүмүүсийн ярьснаар бол шинэ цагт хэлмэгдэж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө баригдаж, төлбөр мөнгөө барагдуулж, ашиглалтад орсон орон сууц нь өнөөг хүртэл ордероо гаргаж өгөхгүй байгаагийн улмаас тус орон сууцанд амьдарч буй 70 өрхийн 300 гаруй иргэд хохирч, авсан байраа барьцаанд тавих эрхгүй, төрийн үйлчилгээ авах болон үр хүүхдээ харьяаллын дагуу сургууль цэцэрлэгт ч өгөх эрхгүй, байрны зээл, өр төлбөртөө баригдаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яваагаа хэллээ.
Тэд ТЭЦ-IV станцын дарга Ү.Төмөрхуяг гэдэг хүний зураг хөрөг бүхий шаардах хуудас барьсан байсан бөгөөд яагаад орон сууцны ордероо авч чадахгүй байгаа болон ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуяг ямар холбоотой тухай асууж тодрууллаа.
Дорнод аймгаас ирсэн иргэдийн ярьж байгаагаар бол “Тус аймагт баригдсан 16 давхар “Элит таур” хотхонд тэд байр захиалсан, хоёр жилийн өмнө тус байр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан ч өнөөдрийг хүртэл ордерыг нь гаргаж өгдөггүй. Энэ талаар иргэд тус барилгыг барьсан компанийн захирал н.Амартүвшинтэй удаа дараа уулзаж, байрны ордероо нэхэхэд, н.Амартүвшин нь Төмөрхуягтай гэрээ хийсэн, тус гэрээний хугацаа дуусаагүй байхад Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газрыг ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуяг шүүхэд өгснөөс болж байрны ордер нь гарах боломжгүй болсон тухай хэллээ.
Тиймээс эдгээр иргэд “Элит таур” хотхоны 300 гаруй оршин суугчдыг төлөөлж, ирсэн бөгөөд ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргүүлж байгаа, мөн зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын 7 гишүүнд хандан албан бичгээр хүсэлт гаргаж байгаагаа илэрхийлэн энэ тухай Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Соронзонболдод хандан утсаар ярьж хүсэлтээ өгөхөөр боллоо”.
Дорнод аймгаас ирсэн иргэд байрны ордероо авахын төлөө ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт шаардлага хүргүүлж, АТГ-д хандаж өргөдөл өгч, түүнийг бидний асуудлыг шийдэж өгөх хүртэл тэмцэх болно гэдгээ илэрхийлж байлаа.
Ц.Мөнх
Эх сурвалж: Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


