Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-г хөгжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзаж, холбооны үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.
Уулзалтаар нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо, нөлөөг эрчимжүүлэх, тэр дундаа Монгол улсад “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-г хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар ярилцав.

Др Сокорро Эскаланте: Эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нь маш чухал
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн зүгээс эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх нь маш чухал хэмжээн онцлоод ДЭМБ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Дэлхийн улс орнуудад сэтгүүл зүйгээр дамжуулан нийтийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлд тусгайлсан хөтөлбөр боловсруулж, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна. Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэл дэх сэтгүүл зүйн бүтээлүүдийг мөн бодлогоор дэмжиж буй олон жишээг сэтгүүлч Б.Ундрах танилцуулав.
Тэрээр уулзалтын төгсгөлд “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөгжил нь Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг сайжруулахад чухал нөлөөтэй ажлын нэг хэсэг болохыг онцлоод ДЭМБ-ын болон Др.Сокорро Эскаланте таны зөвлөмж, дэмжлэгээр Монгол Улсад эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх ажил амжилттай хэрэгжих болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Дараагийн уулзалтаар ДЭМБ-ын төлөөллүүд эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн сэтгүүлчидтэй “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулж, өргөн бүрэлдэхүүнтэй уулзахаар боллоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл