
Жигүүр байгуулах анхдугаар хуралд намын удирдлагын багийн төлөөлөл, идэвхтэн гишүүд, дэмжигчдээс бүрдсэн 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүнээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, С.Замира нар оролцож, шинэ фракцын цаашдын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд “Манай намын дүрэм Улсын дээд шүүхээс гурван удаа буцсан, үүнтэй холбоогоор бидний зүгээс намын дүрэмдээ оруулах тодорхой санал, шаардлагыг намын даргадаа хүргүүлсэн ч анхан дунд шатны гишүүдийн санал хүсэлт, үгийг хүлээж авахгүй байгаа учир бид жигүүр байгуулж ажиллахаас өөр аргагүй болж байна.

Миний хувьд жигүүрт орж, дэмжиж ажиллана гэж бодож байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Замира “Манай нам бол пардаментэд гишүүний суудалтай, засгийн газарт хамтран ажиллаж байгаа улс төрийн хүчин шүү дээ. Тиймээс манай намын гишүүд аль болох эвтэй найртай байж, асуудлыг дотроо хэлэлцдэг байх ёстой гэж би бодож байна. Хамгийн гол нь нам гэдэг нэг хүний өмч биш, нэг хүн өмчилж бүр болохгүй, гишүүддээ хүрч ажиллаж, тэднийхээ үгийг сонсож, дэмжиж ажиллах ёстой, тэгж хэмээнэ нам гэдэг ТББ хөл дээрээ босдог учиртай.Нам дотор жигүүр байгуулж, шударга ёс нэхэх нь байдаг үзэгдэл, ганц манай намд ч биш. Нам дотор эрүүл саруул шүүмжлэл, өрсөлдөөн, шинэ санаа уралдаж байж тухайн улс төрийн хүчин амьд байдаг. “Хангарьд” жигүүр нь ИЗНН-ыг илүү хүчирхэг, зарчимч болоход томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас та бүхэндээ амжилт хүсье” гэсэн байна.
Мөн тус хуралдаанд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара биечлэн ирж оролцож амжаагүй боловч, “Хангарьд” жигүүрийн үйл ажиллагааг дэмжиж оролцохоо утсааар илэрхийлсэн байна.
“Хангарьд” жигүүрийн зорилго бол ИЗНН-ын суурь үнэт зүйл болох байгаль орчныг хамгаалах, иргэний эрхийг дээдлэх бодлогыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулахад чиглэж байна. Түүнчлэн ИЗНН-ын шинэчлэлийг илүү нээлттэй, шилэн, гишүүдийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлэхэд шахалт үзүүлэх, Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад “Ногоон хөгжил”-ийн үүднээс шинжлэх ухаанч шийдэл боловсруулах, намд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, нам дах Хяналт ба хариуцлагыг дээшлүүлэх, Намын дотоод дүрмийн хэрэгжилт болон УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүдийн хяналтыг тогтоох, “Ногоон үзэл баримтлал”-ыг олон нийтэд сурталчлах, гишүүдийг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Хүний эрх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр УИХ-д өргөн барих хуулийн төслүүдэд мэргэжлийн санал дүгнэлт өгөхөд чиглэн ажиллахаа илэрхийлжээ.

Хурлын төлөөлөгчид дунд санал хураалт явагдаж “Хангарьд” жигүүрийн тэргүүнээр ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг сонгогдсон бол Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара, дэд дарга Ц.Энхболд, Намын дэд дарга /Ph.D/ Т.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд дарга С.Батбаатар, Шинжлэх ухааны доктор /Sc.D/ Д.Амгалан, төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, Д.Дэжидмаа, П.Ууганболор нар сонгогдсон байна.

ИЗНН-ын дэргэдэх “Хангарьд” жигүүрийн УЗ-ийн гишүүн Шинжлэх ухааны доктор /Sc.D/ Д.Амгалан “Бидний хэсэг нөхөд санаачлан жигүүр байгуулж байгаа явдал нь ИЗНН-ыг хагалан бутаргаж байгаа явдал огт биш харин намын жирийн гишүүд болон намын удирдлагын үзэл бодлыг нэгтгэхийн төлөө, намын дүрмээ хэрэгжүүлэхийн тулд намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм” гэв.

УЗ-ийн гишүүн /Ph.D/ Т.Бат-Эрдэнэ “Бид жигүүр байгуулснаараа жирийн гишүүдийнхээ эрхийг хамгийн түрүүнд хамгаална, дуу хоолойг нь өргөж өгнө, тэдний улс төрийн болоод бусад чиглэлд дэмжиж ажиллах болно. Учир нь өдгөө ИЗНН-ын жирийн гишүүдийн дуу хоолой боомилогдож, хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүйд хүрч, намын даргын эрх мэдлийг дагасан сүлжээ бий болж байгаа нь зөвхөн улс төрийн нам унаж байгаа төдий биш цаагуураа улс орны хөгжил хойш татагдаж, ардчилал устаж байгаагийн илэрхийлэл. Тийм учраас бид “өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг шиг ИЗНН-аас өөрчлөлтийг эхлүүлье гэж бодож энэ жигүүрийг байгуулж байгаа юм. Жигүүр гэдэг бол улс төрийн намын соёлын нэг илэрхийлэл. Жигүүр байгуулагдснаар намыг хагалан бутаргах зүйл ерөөсөө биш, харин ч олон ургальч үзлийг уралдуулах боломжийг бий болгосон, энэ намын үйл ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл гэж хэлж болно” гэсэн юм.
Ц.Мөнх
Амлалт.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл