Хүндэт инженер, зохион бүтээгчид, эрхэм гишүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо үйл ажиллагааны цар хүрээгээ хумиж, түр хязгаарласан ч Монгол хүний сэтгэхүй, шинийг бүтээх эрмэлзэл, үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө, оюун тархиараа хөдөлмөрлөх хүсэл хэзээ ч унтарч байгаагүй гэдэгт би бат итгэдэг. Энэ итгэл дээрээ тулгуурлан бид холбооны үйл ажиллагааг дахин сэргээж, цоо шинэ эрч хүчээр, илүү өргөн цар хүрээтэйгээр ажиллах шийдвэрт хүрлээ.
Зохион бүтээгчдийн хийсэн ажил ганц хүний ширээн дээр тоосонд дарагдан үлдэх ёсгүй. Бид түүнийг бодит амьдрал, үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлж үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгох цаг иржээ. Бидний олон жилийн турш шаналж, зүтгэж ирсэн инженерүүд монгол төрийн тулах багана болж бүтээлч монголыг цогцлоох ёстой гэдэг бодлогыг баримтлан ажиллах цаг ирсэн. Энэ бол зөвхөн холбооны зорилго биш, харин бид бүгдийн хамтын хариуцлага байх ёстой.
Шинээр эхэлж буй энэ удаагийн үйл ажиллагаа нь нэр хүндийн, эсвэл албан тушаалын холбоо бус, харин бодитоор бүтээж, хамгаалж, дэмжиж, урагшлуулдаг нээлттэй орон зай байх болно. Гишүүд дуу хоолойгоо өргөж, шинэ санаа бүр үнэлэгдэж, боломж бодит ажил болон хувирах нөхцөлийг бид хамтдаа бий болгоно.
Энэ шинэ эхлэлд та бүхнийг идэвхтэй оролцож, санал бодлоо харамгүй хуваалцаж, эв нэгдэлтэйгээр урагшлахыг уриалж байна. Холбоо хэн нэгнийх биш, бид бүгдийнх. Харин түүний ирээдүй бидний оролцоо, зориг, итгэл дээр тогтоно.
Ойрын хугацаанд бид уулзаж, ярилцаж, хэлэлцэж, хамтдаа шийдвэр гаргана. Энэ бол зүгээр нэг дахин эхлэл биш, Монголын зохион бүтээгчдийн дуу хоолойг бодит хүч болгох замын эхлэл байх болно.
Бид нэгдэх цаг иржээ.
Бид бүтээх цаг иржээ.
Бид дуугарч, урагшлах цаг иржээ.
Хүндэтгэсэн Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн М.Даваасүрэн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл