“Yes nuclear” гэж хэлэх цаг болжээ

gБолж өгвөл өвлийн цагт  жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдийн эмч зөвлөв. Учир нь утаанаас болж ургийн гажиг нэмэгдсэн гэнэ.  Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгааг харахад ураг өсөлтгүй болсон  гэх  оноштойгоор 2009 онд 202, 2010 онд 278, 2011 онд 480, 2012 онд 610 хүн эмнэлэгт хандсан байна.  Тодруулбал, жирэмсэн гурван эмэгтэй тутмын нэгнийх нь хүүхэд гэдсэндээ эндэх болсныг, хоёрдугаар төрөхөд эл шалтгаанаар өдөртөө 3-4 бүсгүй ирж эмчлүүлж байгааг тус эмнэлгийн эх баригч эмч нар ярилаа.  Аймаар ч юм шиг.

Хүн ямар оронд, ямар цаг үед, хэний хүүхэд болж төрөхөө сонгодоггүй гэдэг. Харин улаанбаатарчуудын хувьд шинэ хүнээ хэзээ, хэдийд хүлээж авахаа нарийн тооцох шаардлагатай болсон байна. Эрүүл хүүхэд төрүүлье гэвэл ингэхээс өөр арга байхгүй аж. Тархины даралтгүй, хүчилтөрөгчийн дутмагшилгүй, зүрхний цоорхойгүй хүүхэд төрүүлэхийн тулд шүү дээ. Цаашдаа ч утаанаас болж сиамын ихрүүд төрөхгүй гэх баталгаа алга.

Өнгөрсөн жилийн намар Вьетнам руу томилолтоор явсан юм. 85 сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд 13-т жагсч байгаа тус орон хэдхэн жилийн өмнө хөгжлийнхөө төвшнөөр Монголоос 25 жилээс хоцорч явсан бол  өнөөдөр манайхаас 15 жилээр түрүүлсэн талаараа сайрхан ярих. Далайгаар хүрээлэгдсэн, экваторын бүсэд маш ойрхон орших Вьетнамын хамгийн том мөрөөдөл нь зүүн Азид эрчим хүчний хаанчлал тогтоох. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд цөмийн технологи ашиглахаар шийджээ.

Ойрын хоёр жилийн дотор атомын цахилгаан станцтай болно гэж зүтгэж байгаа вьетнамчууд монголчуудаас ухаантай юм билээ. Тэд атомын цахилгаан станц аюултай биш гэдгийг  аль хэдийнээ олоод харсан, түүнийгээ хөгжлийн том бодлого болгон зангидаж чадаж байгааг нь харахаар атаархмаар ч юм шиг.  Бидэнд уг нь түүхий эд нь байна, газар нь байна. Өргөн уудам нутагтаа хаа нэгтээ ганц атомын цахилгаан станц барьчихвал олон жил шийдэж чадахгүй яваа толгой өвтгөсөн олсон асуудлаасаа ангижирч чадна. Харамсалтай нь, монголчууд бид ураныг хөгжлийн гарц гэж харах хүртэл олон жил шаардлагатай байж магадгүй юм.

Дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч гээд бүх салбартаа цөмийн технологи ашиглаж, зүүн Азидаа номер нэг болохоор вьетнамчууд ярих ч завгүй  ажиллаж байна. Харин монголчууд уран бол аюултай гэж завгүй ярьсаар өдий хүрсний үр дүн хаана байна. Утаанаасаа болж хүүхэд төрүүлэхээс хүртэл айхад хүрч байна шүү дээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Дорнод аймагт ураны гурван том орд бий.  Батлагдсан нөөцийн хэмжээ нь 49 мянган тонн.   Үүнээс гадна Дундговь аймагт Хараат, Хайрханы талбайд “Гурвансайхан” ХХК, Дорноговийн  Улаан нуурын талбайд “Кожеговь” /АРИВА/, “Ийст Азиа минералз” компаниуд хайгуулын ажил идэвхитэй хийж байгаа.

Уранаас айгаад нүүрсээ түлээд амьдраад байж болно. Монголд хангалттай нүүрс байна, уран хэрэггүй гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ хэдэн жилийн дараа  гэхэд Монголд эрүүл уушгитай хүн үлдэхгүй.  Энэ тэгээд аюулын харанга биш  гэж үү.  Чухамдаа бол  нүүрсээ түлж баралгүй наана нь бүгдээрээ “чадхийж” магадгүй байна шүү дээ.  Нүүрсний утаа нь хоргүй болоод хорт хавдраар өвчлөх хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, нас нь улам залуужаад байгаа хэрэг үү?

Цөмийн технологи аюултай гэж манай цөмийн эсрэг үзэлтнүүд шүүмжилдэг.  Гэтэл яагаад АНУ, Орос, Хятад атомын цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлэхээр “алалцаад” байгаа юм бол.  Тэд тэнэгтээ атомын цахилгаан станц барих гэж улайраад, бид ухаантайдаа уранаас татгалзаад байгаа хэрэг үү.

Атомын цахилгаан станц баригдвал дурын хүн ороод дэлбэлчих юм шиг ярьдаг, ойлгодог хүн  Монголд цөөнгүй.  Тэгвэл тэдэнд хандаж хэлэхэд тэнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, тусгайлан бэлтгэсэн шилдэг инженерүүд ажиллана.  Дурын дээд сургуулийн диплом өвөртөлсөн дурын нөхрийг ажлуулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хариуцлагатай, хяналттай, зөв зохистойгоор уранаа ашиглаж чадвал Монгол хөгжинө. Аливаа юмыг хараар л хараад байвал хар л харагдана. Атомын цахилгаан станцтай болсноор маш хямдхан өртөгөөр эрчим хүч үйлдвэрлэнэ. Бидний худалдан авч байгаа эрчим хүчний үнэ хэд дахин хямдарна. Хямдхан эрчим хүчээр гэр хорооллынхныг хангаж, дулааны асуудлыг нь шийдэж болно.  Өвлийн цагт гэр хорооллын дулааны асуудлыг хямдхан цахилгаанаар хангаж чадвал утаа багасна.  Нэг кВт цахилгааныг өнөөдөр 88 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол атомын цахилгаан станцтай болчихвол найман төгрөгөөр худалдаж авах боломжтой. Түүнээс утааг соруулна гэх ч юм уу эсвэл хэзээ нэгэн сайхан нартай өдөр Улаанбаатар утаагүй болно гээд суувал болохгүй юм алга. Гэвч харамсалтай нь Монголд эрүүл хүн үлдэхгүй. Монголчууд нүүрсэндээ хордоод үхсэнийхээ дараа л Атомын цахилгаан станцтай болох минь яавдаа гэж амаа барих байлгүй.

Вьетнамчууд  ирэх 2014 онд анхныхаа атомын цахилгаан станцыг өлгийдөж авахаар төлөвлөжээ. Тэгвэл монголчууд ирэх онд утаагаа шүүмжилсэн шигээ сууж байна гэдэгт мөрийцсөн ч алдахгүй дээ. Яг л энэ хэвээрээ, яг ийм утаатайгаа сууж байна.  Монголчууд ярьсан шигээ сууж байхад вьетнам, хятад, орос, япончууд бидний нүдэн дээр улам хөгжиж, улам хүчирхэгжсээр.  Хүчирхэг эдийн засагтай, хөгжилтэй орон болъё гэж бодож байгаа бол  “Yes nuclear” гэж хэлэх цаг болжээ.

 Ж.НЯМСҮРЭН

index

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …