Японы Ерөнхий сайд түүхэн том ялалт байгууллаа: Такаичигийн нам баруун жигүүрт асуудал дагуулж болзошгүй амлалтаар доод танхимын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалт авчирлаа. Японы парламентын доод танхимын сонгуулиас дөнгөж 14 сар өнгөрч байхад Японы Ерөнхий сайд хатагтай 2026 оны 01 дүгээр сард дараагийн ээлжит бус сонгуулийг зарласан. 2024 онд түүний Либерал Ардчилсан Нам (ЛАН) олонхын байр сууриа алдсан тул тэрээр 2025 оны 10 дугаар сард Ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш тун ядмаг олонхын дэмжлэг дээр суурилан албаа хашиж ирсэн.
Санал асуулгын дүнгээр түүний нэр хүнд өндөр байгаа нь батлагдсан учраас олдсон боломжийг алдахгүй байхаар шийдсэн юм. Улмаар түүний тооцоолол зөв байсан гэдгийг сонгуулийн үр дүн харууллаа. 2026 оны 02 дугаар сарын 08-нд явагдсан сонгуулийн үр дүнгээр ЛАН доод танхимын 465 суудлаас 316 суудлыг авч 2024 онд авч байсан суудлынхаа тоог 118-аар нэмж чадсан. Ингэснээр ЛАН доод танхимын суудлын гуравны хоёроос дээш суудлыг авч тэр ч байтугай дээд танхимын зөвшөөрлийг авалгүйгээр хууль батлах эрхтэй болжээ. Дээрээс нь 316 суудал гэдэг бол тус намын хувьд түүхэн дээд амжилт юм. ЛАН 1955 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш хэзээ ч ийм олон суудал авч байгаагүй юм. Тэр ч байтугай олон удаа хээл хахуультай холбогдсон хэмээн хэл аманд өртсөн гэдэг шалтгаанаар өмнөх Ерөнхий сайд Шигерү Ишийн нэр дэвшүүлэх зөвшөөрөл олгоогүй байсан нэр дэвшигчдийг Такаичи нэр дэвшүүлсэн бөгөөд тэд нар нь сонгуулийн тойрогтоо ялалт байгуулсан.
Сөрөг хүчин эсрэгээрээ ихээхэн хохирол амслаа. Такаичигийн баруун жигүүрт эрсдэл дагуулж болзошгүй хэтийн төлөвөөс болоод дундаж давхаргынхны дэмжлэгтэй улс төрийн нам Комейто ЛАН-тай байгуулсан, 25 жилийн туршид оршин тогтносон эвслээ 2025 оны 10 дугаар сард задалж хамгийн том сөрөг хүчин Үндсэн хуульт-Ардчилсан Намтай ойртсон. Такаичи парламентыг тараах мэдэгдэл хийсний дараагаар тус хоёр нам Шинэчлэлийн Төв Аллиансе нэртэй холбоо байгуулсан. Мөн түүхэнд байгаагүй богино хугацаанд үргэлжилсэн кампанит ажлын үеэр дунджийн шинэ хүчинд хөтөлбөр, өөрийн онцлог байр сууриа тодотгох цаг хугацаа, боломж бараг байсангүй. Тус холбоог Дийпийн хуурамч мэдээллүүдээр бөмбөгдөн гүжирдэж Японы баруун жигүүрийн намууд давамгайлсан интернэтийн орчин дутууг нь нөхөв.
Сонгуулийн дүн гарахад шинэ нэгтгэл дөнгөж 49 суудал авсан нь хоёр том намын өмнөх сонгуульд авсан суудлаас 118 суудлаар дутуу байлаа. Шууд буюу тойргийн 289 мандатаас зөвхөн долоог нь тус нам авсан. Өмнөх сонгуульд 104 суудал авч байжээ. Сөрөг хүчин үнэн хэрэг дээрээ байхгүйтэй адилхан болтлоо суларлаа. Хүчний харьцаа ийм эрс зөрүүтэй байхад үр өгөөжтэй сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах бололцоо бараг байхгүй юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд том сорилтуудтай тулгарч байна. Такаичигийн засгийн газрын хувь заяа хүнсний зүйлсийн үнийн нэмэгдлийн эсрэг арга хэмжээ авч чадах эсэхээс хамаарах болно. Сөрөг хүчний намуудын дэвшүүлсэн саналыг дагуулан ЛАН сонгуулийн кампанит ажлын үеэр хүнсний зүйлст ногдуулдаг татварыг түр зуур ч атугай бууруулна гэдэг амлалтыг өгсөн. Япон улс нь өрийн хэмжээгээр Суданы дараа дэлхийд хоёрдугаар байранд ордог орон гэдэг нь хөдөлшгүй үнэн тул татварын бэлэг гэдэг тийм ч амархан хэрэгжүүлчих боломжгүй амлалт. Дээрээс нь нэмээд доод танхимын сонгуулийн өртөг 85 тэрбум иен (ам. долларт шилжүүлсэн дүн нь хагас тэрбум евротой тэнцэж буй). Бас дээрээс нь засгийн газар саяхан зэвсэглэлийг санхүүжүүлэхийн тулд цэрэг батлан хамгаалахын төсвөө сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмсэн тул татвар нэмэгдүүлэхээс өөр аргагүй.
Үүний нэгэн адил цагаачлалыг хязгаарлах шаардлагыг хэрэгжүүлэх амар биш. Өнөөгийн байдлаар Японы хүн амын тоо жил тутамд нэг сая орчим хүнээр буурч байна. 2010 оноос хойш хүн амын тоо нь 125 саяас 120 сая хүртэл буурчээ. Дээрээс нь гурван сая гадаадын иргэд (японы паспортгүй хүмүүс) болон гурав ба дөрөвдөх үедээ японд амьдарч буй нэг сая орчим Солонгосчуудын асуудал байна. Гадаадын ажилчид асаргаа, сувилгаа, ресторан, зочид буудал, жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг хэн ч татгалзах боломжгүй амин чухал салбаруудад ажилладаг. Сонгуулийн үр дүнд цагаачлалд маш эргэлзээтэй ханддаг хандлага тогтчихлоо. Ерөнхий сайд Шинзо Абегийн үед цагаачлалын өмнө үүд хаалгаа илүү томоор дэлгэсэн нам нь ЛАН өөрөө. Тэгсэн хэр нээ Абегийн шавь Такаичигийн болж л өгвөл тойроод байдаг сэдэв. Хэдийгээр үүд хаалгаа ингэж нээсэн ч олон хөдөлмөрийн цагаачдын хувьд иений ханш ингэж унаад байхаар японд ажиллах нь ашиггүй болж байгаа хэрэг. Хөдөлмөрийн цагаачдын дийлэнх нь Вьетнам, Мьянмар, Непаль зэрэг бага цалинтай орнуудаас ирдэг.
Иений ханшийн уналт эдийн засаг ба хүмүүсийн амьдралын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Ерөнхий сайд саяхан иений ханшийн сулралт нь Японы компаниудын хувьд өрсөлдөөний давуу талыг бий болгож байгаа хэмээн тайлбарласан. Энэ таамаглал нь мөн Такаичи Абегийн бодлогыг тууштай баримтлагч гэдгийг харуулж байгаа юм. Абе иений ханш сул байх нь Абеномикс буюу Абегийн эдийн засгийн бодлогын нэг үндсэн тулгуур багана гэж үздэг байсан юм. Тоёото, Сони зэрэг экспортод чиглэсэн том концернуудад иений ханш сул байвал ашигтай гэдэг нь үнэн. Түүхий эдийн импортоос хараат, ихэвчлэн дотоодын том компаниудад нийлүүлэлт хийдэг жижиг-ба дунд компаниудад ханш нь суларч буй валют томоохон бэрхшээлүүдийг дагуулдаг. Ханш султай иен нь амьжиргааны өртөг нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Япон хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийхээ гуравны хоёр хувийг импортолдог учраас талх, мах, загас, ногоо зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн. Олон япончуудын гадаадад аялах өртгийг төлж дийлэхгүй болсон.
Энэ зууны эхэн үед япончууд бөөн бөөнөөрөө Европ руу аялдаг байсан бол өдгөө Япон улс өөрөө европчууд, Хойд америкчууд болон хөрш орнуудын аялагчдын хувьд хувьд хямд өртөгтэй амардаг газар нь болсон. 2025 онд бараг 10 сая жуулчин илгээсэн Солонгос улс хамгийн том бүлэг илгээгч орон болсон. Өнгөрсөн жилд Солонгосын ойролцоогоор 40 сая аялагчид Японд зочилсон нь хамгийн том групп болсон бөгөөд засгийн газар аялал жуулчлалын салбарыг цаашид ч дэмжсээр байх бодлогодоо үнэнч хэвээр байна. Хэдийгээр “жуулчдын тоо хэт олон байна” гэдэг гомдол гарсаар байгаа ч засгийн газар нэг жилд зочлох жуулчдын тоог 60 саяд хүргэх зорилго тавьж байна. Такаичи ба бусад барууны үзэлтэй намуудын цагаачлалын-эсрэг чиглэсэн агуулгатай үг, илтгэлийг эсэргүүцэж буй сонгогчдын тоо цөөхөн аж.
Улс төрчид нь “Япончууд гадаадынхнаас дор үзэгдэж байна” гэдэг агуулгатай үг хэлэхэд олон хүн санал нэгддэг. Тэд жуулчдыг яриад байна уу? эсвэл цагаачдыг яриад байна уу? гэдэг нь тодорхой бус үлддэг. Эцэст нь асуудлыг цагаачдад үүрүүлээд орхидог. Аялал жуулчлалыг дэмжих бодлогодоо өөрчлөлт оруулахгүй нь ойлгомжтой. Такаичигийн кабинет японд оршин сууж буй гурван сая гадаадын хүний эсрэг илүү хатуу бодлого баримтлах болно гэдгээ зарласан. Үнэн хэрэг дээрээ энэ нь барууны үзлийг баримтлагсдын цагаачлал гэдэг сэдэвт ханддаг нийтлэг байр суурийн илрэл.
Эцэст нь хэлэхэд Такаичи өөрөө ч гэсэн гадаад бодлогын өдөөн хатгасан чиг хандлагыг цаашид үргэлжлүүлэх боломжтой юу? гэдгийг дахин сайн бодох л хэрэгтэй. Засгийн газрын тэргүүний албан тушаалд сонгогдсоныхоо дараахан “Тайваныг тойрсон хямрал японы оршихуйд заналхийлсэн нөхцөл байдал үүслээ хэмээн үзэх нөхцөл байдалд хүргэж болзошгүй”, ийм нөхцөл байдал үүсэх аваас Япон цэргийн хүчээр оролцох шаардлага үүсэж магадгүй” гэдэг тайлбар хийсэн юм. Санал асуулгын дүнгээс харахад японы хүн амын дийлэнх олонх нь хятадын эсрэг хатуу байр суурь баримтлахыг дэмждэг. Энэхүү зөрчилдсөн байр суурь нь тодорхой хэмжээнд үндсэрхэг хариу үйлдэл хийх хүслийн галыг ноцоодог.
Хэдийгээр Япон улс цэрэг батлан хамгаалах, эдийн засгийн хувьд Хятадын гадаад худалдаанаас хамааралт байдалд оршдог-хятад улс японы худалдааны хамгийн том түнш нь болохоор бодит байдал дээр алдах юм ихтэй.
Хятад улс Такаичигийн баримталж буй хүчирхэг байдлын бодлогыг сөрөх шийдвэр гаргах нөхцөлд зөвхөн хүнсний хангамж доголдоод зогсохгүй.
Япон улсын Хятадын газрын ховор элементээс хараат байдал нь учирч болох заналхийлэл бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн хямралд тэсвэртэй байдлыг сулруулах эрсдэлтэй. Тэр ч байтугай эрүүл мэндийн үйлчилгээнд аюул учирна. Антибиотикийн үйлдвэрлэлд шаардлагатай үндсэн бодисуудыг бараг 100 хувь хөрш орноосоо авдаг. Нийлүүлэлтийн хомсдол үүсэх эсвэл удаашрах нөхцөлд Японы эмийн хангамж үтэр түргэн хугацаанд нурах аюултай.
Эдгээр хараат байдлаас гарах цохилт тийм амар хялбар бус. Хэт барууны үзлийг баримтлагч Сансейто нам Япон улс хүнсний бараа бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Яавал энэ хараат байдлаас гарах бэ? гэдэг нарийвчилсан зүйлийг тэд санал болгодоггүй зүгээр л битүү хатуу шаардлага тавьдаг. Бодит байдал дээр японы хөдөө аж ахуй эрхлэгсэд залгамж халаа байхгүй учраас аж ахуйгаа хааж байна.
Аль хэдийн амин чухал үүрэг гүйцэтгэдэг болчхоод байгаа гадаадын ажиллах хүчийг Сансейто нам ажиллуулахыг хүсэхгүй байна. Үр дагавар нь юу бэ? гэхээр: хөдөөгийн бүс нутгуудаас хүн ам нь дайжиж оршин суугчид үгүй хий үзэгдэлтэй тосгонууд олноороо бий болох нь. Эцэст нь Такаичигийн Трамптай холбосон холбоос л Ерөнхий сайд хатагтайн ханцуйд нь байгаа хөзрийн тамга болж байна. Японы засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сард хийсэн айлчлалыг “бараг л төгс” төрийн айлчлал боллоо хэмээн тодорхойлсон. Такаичигийн Токиод дэглэсэн үзүүлбэрийг АНУ-ын тун дуулгавартай хэр нээ итгэлтэй түнш гэдгээ харууллаа хэмээн магтсан.
Доналд Трамп Америкийн цэргийн анги нэгтгэлийн өмнө, нисэх онгоц тээвэрлэгч дээр зогсож байгаад Такаичиг дөвийлгөн магтсан магтаалд хөөрсөн Ерөнхий сайд эгээтэй л агаарт хөөрчихөө шахсан. Нөгөө талаар энэ нь япон-америкийн харилцааны өнөөгийн түвшинг яруу тодоор харуулсан юм. Трамп Японы хүн амд хандаж сонгуулийн өмнөхөн Такаичид саналаа өгөхийг уриалсан. Ирэх жилүүдэд Японы арыг АНУ даасан хэвээрээ байх уу? Хятад улс өдөөн хатгадаг Ерөнхий сайдтай хэл амаа ололцоход бэлэн байх уу? гэдгээс Японы бүх асуудал хамаарах болно. Такаичи өөрөө эхийг нь тавьсан зөрчилдөөний бодлогоо үргэлжлүүлсээр байх юм бол тус улсын бүс нутаг дах ач холбогдол нь буурсаар байх болно. Үүний зэрэгцээ Япончууд болон Японд оршин суудаг гадаад иргэдийн амьдралын нөхцөл байдал ч дордсоор байх болно.
Энэхүү нийтлэлийг Фридрих-Эбертийн Сангийн Олон Улсын бодлого ба нийгэм сэтгүүлээс (IPG) орчуулав.
Зохиогч: Свен Саалер
Орчуулсан: Ч.Оюунгэрэл Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан
Эх сурвалж: https://www.facebook.com/StrategyAcademy1955
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл