Болгарын Софи хотод болсон 77 дахь удаагийн “Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан эхний даваандаа Украины Чулачиев Олехыг, шөвгийн 16-д Гүржийн Аяважян Горыг, хүрлийн төлөөх тулаанд Казахстаны Кенжибек Багланыг ялсан ч хагас шигшээд дэлхийн залуучуудын аварга, 18 настай Америкийн тамирчин Парисио Лорензод ялагджээ. Ингэснээр хүрэл медалиар энгэрээ мялаав.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь сугалаагаар хүрэл медаль дээр бууж, медалийн өнгө хувиргах тулаанд Украины боксчин Охота Ханнад дийлдсэн байна. Харин 60 кг-д 19 боксчин өрсөлдсөнөөс өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт М.Намуун эхний даваанд хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн Эргиногуз Эвинийг 5:0-оор, хүрлийн төлөө Узбекистаны Турдибекова Ситораг 3:2-оор ялсан ч хагас шигшээд 2025 оны дэлхийн аварга Сантос Ребека Де Лимад ялагдлаа.
77 дахь удаагийн “Странджа” тэмцээнд 36 орны боксчин оролцсоноос 18 улс нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд Монголын баг медалийн чанараар 13 дугаарт жагсжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл