ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ӨНӨӨДРИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЭВ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус эмнэлэг 70 жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард шинэ барилгаа ашиглалтад оруулан, иргэдэд тохилог, стандарт шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Шинэ эмнэлгийн барилга барих ажлыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан бодит ажил болгох эхлэлийг тавьж байв.
Шинээр ашиглалтад орсон барилга нь орчин нөхцөлөөс гадна тоног төхөөрөмжийн хувьд бүрэн шинэчлэгдсэнээрээ онцлогтой. Тухайлбал, компьютер томографийн шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдэж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлжээ. Энэ талаар эмнэлгийн эмч, ажилтнууд онцолж байлаа.
Ажлын үеэр сайд Ж.Чинбүрэн хагалгааны вакум өрөөг тохижуулж, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай дэмжлэгийг бүх талаар үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Хархорин сумын эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлог нь осол гэмтэл болон тархины харвалтын яаралтай тусламж байдаг тул хагалгааны өрөөг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь сэргийлж болох нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм.
Мөн Хархорин сум цаашид хот болон өргөжин, аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буйтай холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ чанартай, чадамжтай, хүртээмжтэй байх нөхцөлийг бодлогоор тасралтгүй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр орон нутгийн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь аварч болох амь насыг аврах хамгийн чухал нэгж, хамт олон гэдгийг тэмдэглээд амжилт хүслээ.
Ажлын айлчлал үргэлжилж, сайд болон холбогдох албаныхан өнөөдөр Архангай аймагт ажиллана.

Санал болгох мэдээ

2026 ОНЫГ ГБХНХЯ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд: -Хүүхэд …