Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Боловсролын яам болон Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнд сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг төлөвшүүлэх сэдвийг тусгах талаар санал хүргүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.3.1-д “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт саналаа хүргүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Бага боловсролын сургалтын хөтөлбөр (түвшний)” 125 хуудас бүхий төсөлд шударга ба шударга бус үйлдлийн ялгаатай талыг ойлгох, шударга зөв үйлдлийг өөртөө төлөвшүүлэх, шүүн тунгаах, багаар хамтран ажиллах, шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсох зэрэг сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, хамтран ажиллах тухай саналыг Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнд хүргүүлэв.
Мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтын хөтөлбөрт авлигын эсрэг мэдлэгийг 9-12 дугаар ангид судалдаг иргэний ёс зүй, нийгмийн ухаан, эрх зүй, түүхийн хичээлийн мэдлэгт тулгуурлан онолын лекц хэлбэрээр бус ажлын байртай уялдсан, ур чадварт суурилсан байдлаар, Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын хөтөлбөрт тусгай бие даасан онолын хичээл болгохоос илүү мэргэжилтэй уялдуулсан, дадлага төвтэй, зан үйлд чиглэсэн чадвар эзэмшүүлэх байдлаар бодит жишээнд тулгуурлан заах сургалтын агуулга, арга зүйг тусгасан саналыг Боловсролын яаманд хүргүүллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл