Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны Зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, хорооны түвшинд иргэн төвтэй хөгжлийн хандлагыг төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага, төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах арга зам, захиргааны шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй, үйлчилгээний стандарт, судалгааны арга зүй, цагийн менежмент, хүний эрх, жендерийн тэгш байдал, мөн хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож буй.
Түүнчлэн оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ сайн туршлагаа хуваалцан, бие биеэсээ харилцан суралцаж, бодит жишээнд тулгуурласан мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.
Энэхүү сургалтыг салбар бүрийн мэдлэг, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байна. Тухайлбал “Монгол Улсын хөгжлийн бодлого болон хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ТЗУГ-ын дарга Ү.Ганболд, “Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” сэдэвт сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, “Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа нар тус тус удирдан явуулж байгаа бөгөөд Сургагч багш нар нь бодит кейс, арга зүйн туршлагаа хуваалцан, оролцогчдод ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэг, ур чадварыг олгож байна.
204 хорооны Зохион байгуулагчдад зориулсан уг сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр Засаг захиргааны V байранд байрлах Нийслэлийн засаг даргын тамгын газрын сургалтын танхимд явагдах бөгөөд хоёр өдрийн хичээлийг бүрэн дүүрэн дуусгасан, ирцийн шаардлага хангасан оролцогчдод сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ олгох ба “Шилдэг 10 оролцогч” шалгаруулна.
Жич: “ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” сургалтад хамрагдах тухай албан бичиг харьяа дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд хорооны засаг дарга нар болон холбогдох албан хаагчид дараах шаардлагыг биелүүлэн ажиллахыг анхаарна уу.
- Сургалтад хамрагдах өдрүүдэд харьяа хорооны зохион байгуулагчийг ажлын үүрэг, даалгавраас БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ, сургалтад саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх;
- Сургалтын хугацаанд зохион байгуулагч нарт утсаар болон бусад хэлбэрээр ажлын даалгавар өгөхгүй байх, сургалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарах;
- Сургалтын хуваарьт өдрүүдэд хороонд зайлшгүй шийдвэрлэгдэх асуудал гарсан тохиолдолд нөөц боловсон хүчнээр орлуулах арга хэмжээг урьдчилан авах шаардлагатайг анхаарна уу.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл