Ерөнхий сайд Н.Учралын эхний нүүдэл – Г.Занданшатарыг танхимдаа урьж ажиллуулахаар болов

Украин–Оросын зөрчил, АНУ-ын Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал зэргээс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн тодорхойгүй, хүндрэлтэй энэ үед Ням-Осорын Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо.

Шинэ Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимаа бүрдүүлж, сайд нарын нэрсийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах чухал үүргийн өмнө ирээд байна.

Анхаарал татаж буй нэгэн улс төрийн шийдвэр бол өмнөх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг танхимдаа урьсан явдал байв. Анхны мэдээллээр тэрбээр энэхүү саналаас татгалзсан гэх боловч улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэхүү хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болох боломжтой тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.

Г.Занданшатар нь өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн ч олон нийтийн дунд тодорхой дэмжлэгтэй, бодлогын хувьд тогтвортой, тооцоонд суурилсан шийдвэрүүд гаргаж чадсан Ерөнхий сайд байсан. Түүний ажилласан богино хугацаанд буюу 8 сарын хугацаанд улс орны макро болон микро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сайжирсан нь статистик баримтаар нотлогддог.

Ийм нөхцөлд Н.Учрал өмнөх Ерөнхий сайдаа дахин урьж, бодлогын залгамж чанарыг хадгалах алхам хийж буй нь улс төрийн хувьд оновчтой шийдэл гэж үнэлэгдэж байна. Хэрэв Г.Занданшатар шинэ Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллавал бодлогын үргэлжлэл, туршлагын нэгдэл бодитоор хэрэгжих боломж бүрдэх юм.

Ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал өмнөх Ерөнхий сайдаа танхимдаа урин хамтран ажиллуулах замаар Монголын улс төрд “залгамж бодлого”-ын шинэ жишиг тогтоох, өөрийн гэсэн улс төрийн “легаси”-г эхлүүлж буй анхны Ерөнхий сайд болж байна.

Ерөнхий сайд Н.Учрал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр яригдаж буй Г.Занданшатар нарын “хослол” Монгол Улсын эдийн засгийг сэргээх, тогтворжуулах бодит хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байна.

 

Ц.Мөнх

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …