AI-тай чаталсан түүх таны эсрэг “баримт” болж магадгүйг АНУ-ын хуульчид анхааруулав

Сүүлийн үед хүмүүс зөвлөгөө авахаар хиймэл оюун ухаанд (AI) хандах нь эрс ихэссэн.
Гэвч АНУ-ын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ хандаж “Хэрэг төвөгт орооцолдсон эсвэл шүүхээр асуудал шийдэгдэх гэж байгаа бол AI чатботыг хамгийн дотны, нууц хадгалдаг найзаа гэж бүү андуураарай” хэмээн анхааруулж байна.
Энэхүү анхааруулга Нью-Йорк хотын нэгэн шүүгчийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй аж. Дампуурсан санхүүгийн компанийн захирал асан нэгэн эр үнэт цаасны луйврын хэрэгт холбогдохдоо AI-тай чаталсан түүхээ прокуророос нуух гэж оролдоод бүтэлгүйтжээ. Гэвч шүүгч тэрхүү чатыг нь прокурорт баримт болгож өгөхийг тушаасан байна.
Үүнээс улбаалан өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ “Claude эсвэл ChatGPT-тэй бичсэн бүх зүйлийг тань прокурорууд эсвэл шүүх бүрэлдэхүүн баримт болгож шаардах эрхтэй” гэж анхааруулж байна.
Угтаа үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ярилцсан бүх зүйл “нууц” байх ёстой бөгөөд үүнийг шүүх дээр баримт болгож ашиглахыг хориглодог. Гэтэл AI чатбот бол өмгөөлөгч биш. Тиймээс та AI-тай юу ч ярьсан тэр нь “хуулийн хамгаалалтгүй” гэж анхааруулах болжээ.
АНУ-ын томоохон хуулийн фирмүүд үйлчлүүлэгчдэдээ: “Бидний өгсөн зөвлөгөөг AI-тай битгий хуваалц. Хэрэв та өмгөөлөгчийнхөө хэлсэн зүйлийг чатботод бичиж оруулбал тэрхүү мэдээлэл маань нууцлалаа алдаж, шүүх дээр таны эсрэг ашиглагдах эрсдэлтэй” гэж сануулж байна.
Бодит жишээ: Брэдли Хеппнер гэгч эр Claude чатботыг ашиглаж, өөрийнхөө хэргийн талаар өмгөөлөгчдөдөө танилцуулах тайлан бэлтгэжээ. Прокурорууд үүнийг нь мэдээд, чатны түүхийг хуваалцахыг шаардсан байна. Хеппнерийн өмгөөлөгчид “Энэ бол өмгөөллийн тактик агуулсан нууц бичиг” гэж маргасан ч шүүгч зөвшөөрөөгүй аж.

Санал болгох мэдээ

Парламентад “хуулийн хулгай” нүүрлэв үү…

Монголын парламентад олон нийтийн анхаарал суларсан үеийг ашиглан хууль баталдаг гэх хардлага үе үе гарч …